28 дугаар зүйл. Түншлэгч талуудын чиг үүрэг

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Түншлэгч талуудын чиг үүрэг

28.1.Түншлэлд төрийн түншлэгч нь дараах нийтлэг чиг үүрэгтэй байна:

28.1.1.хувийн хэвшлийн түншлэгчийн үйл ажиллагаанд төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт тавих, түншлэлийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу аудитын байгууллагыг оролцуулах;

28.1.2.түншлэлийн гэрээний хүрээнд шаардлагатай баримт бичгийг гаргуулж авах, тухайн объектод саадгүй нэвтрэх;

28.1.3.түншлэлийн төсөл, гэрээ болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, үнэлэх, дүгнэлт өгөх;

28.1.4.дэд бүтцийн байгууламжийг хувийн хэвшлийн түншлэгчид түншлэлийн гэрээний дагуу эзэмшүүлж, ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэх;

28.1.5.түншлэлийн гэрээнд заасан хугацаа, нөхцөлд үндэслэн түншлэлийн зүйлийн эрхийг хувийн хэвшлийн түншлэгчид олгох;

28.1.6.түншлэлийн гэрээнд заасны дагуу төслийн зардлыг төсвөөс санхүүжүүлэх;

28.1.7.түншлэлийн гэрээнд заасан тохиолдолд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төрөөс үзүүлэх дэмжлэгийн арга хэмжээг хэрэгжүүлэх;

28.1.8.түншлэлийн төслөөр үзүүлэх үйлчилгээний чанар, түвшин, тэдгээрийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах;

28.1.9.түншлэлийн гэрээ болон хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

28.2.Түншлэлд хувийн хэвшлийн түншлэгч нь дараах нийтлэг чиг үүрэгтэй байна:

28.2.1.түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлд суурилсан, чанартай, хүртээмжтэй гүйцэтгэх;

28.2.2.түншлэлийн төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгө болон санхүүгийн бусад арга хэрэгслээр бүрдүүлэх;

28.2.3.үйл ажиллагаа, удирдлагын шилдэг туршлага, инноваци, ноу-хауг тухайн салбартаа нэвтрүүлэх;

28.2.4.өөрийн болон түншлэлд оролцогч байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх;

28.2.5.түншлэлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түншлэлийн зүйлтэй холбоотой эрхийг хэрэгжүүлэх;

28.2.6.түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн түншлэгч этгээдийг түншлэлийн төслийн үйлчилгээний чанар хүртээмж, санхүүгийн мэдээлэл, энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай тайлан, мэдээллээр хугацаанд нь хангаж, түүний үнэн зөв, найдвартай байдлыг хариуцах;

28.2.7.түншлэлийн гэрээ болон хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

28.3.Түншлэгч талууд нь эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж, эрсдэл хуваарилах нөхцөлийн дагуу түншлэлд тэнцвэртэй байдлыг хангаж ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.