33 дугаар зүйл. Түншлэлийн гэрээ
33.1.Түншлэлийн гэрээ болон түүнийг дагалдан байгуулах гэрээнүүд нь тэгш эрхийн зарчимд суурилсан иргэний эрх зүйн гэрээ байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад үл хамаарна.
33.2.Түншлэлийн гэрээний талууд нь төрийн түншлэгч талаас тухайн төсөлд хамаарах салбарын болон түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжих орон нутгийн байгууллагын төлөөлөл, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга, нөгөө талаас хувийн хэвшлийн түншлэгч буюу төсөл хэрэгжүүлэгч компани, төслийн санхүүжүүлэгч хуулийн этгээд байна. Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
33.3.Түншлэлийн гэрээнд төрийн түншлэгч талыг төлөөлж Засгийн газрын эрх олгосноор төсөл хэрэгжүүлэх салбарын болон түншлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төсөл хэрэгжих орон нутгийг төлөөлж аймаг, нийслэлийн Засаг дарга, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулна. Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ./
33.4.Төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч талууд энэ хуульд заасан нөхцөлийн дагуу түншлэлийн гэрээ байгуулах эрхтэй бөгөөд гэрээнд түншлэгч талууд тэгш эрхтэй оролцоно.
33.5.Засгийн газар, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түншлэлийн гэрээг байгуулах эрх олгоно. Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ./
33.6.Түншлэлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр, төслийн дагуу гүйцэтгэх ажлын онцлогт нийцүүлэн гэрээний төрөл, хэлбэрийг тодорхойлно.
33.7.Түншлэлийн гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагыг бүрэн хариуцаж, биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хууль болон гэрээнд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд тухайн түншлэлийн харилцаанд оролцоно.
33.8.Түншлэлийн гэрээг байгуулахдаа дагалдах гэрээ, төслийн үе шат, гэрээний төлбөр, санхүүжилтийн хуваарь болон хэрэгжилтийн төлөвлөгөө, холбогдох бусад баримт бичгийг хавсралтаар оруулахаар тусгах бөгөөд эдгээр нь түншлэлийн гэрээний салшгүй хэсэг байна.
33.9.Түншлэлийн гэрээний загварыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална.
33.10.Энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй болон энэ хуулийн 3.2-т заасан түншлэлд үл хамаарах салбарт хэрэгжих төсөлд түншлэлийн гэрээ байгуулахыг хориглоно.