42 дугаар зүйл. Хувийн хэвшлийн түншлэгч, төсөл хэрэгжүүлэх тусгай зориулалттай компанийн бүтэц, зохион байгуулалт

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Хувийн хэвшлийн түншлэгч, төсөл хэрэгжүүлэх тусгай зориулалттай компанийн бүтэц, зохион байгуулалт

42.1.Түншлэлийн гэрээнд хувийн хэвшлийн түншлэгч, эсхүл түүний нэр дэвшүүлсэн бусад компани нь төслийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай зориулалтын компани байгуулахаар зааж болно.

42.2.Төслийн тусгай зориулалтын компанийг Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулж, бүртгүүлсэн байна.

42.3.Гадаад улсад бүртгэлтэй, гадаадын хуулийн этгээд төсөл хэрэгжүүлэх тусгай зориулалттай компанийн хувьцааны зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь эзэмшиж болно.

42.4.Гадаад улсад бүртгэлтэй, гадаадын хуулийн этгээд нь Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтад оролцож, саналаа ирүүлж болно.

42.5.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхгүй байна.

42.6.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд хувийн хэвшлийн түншлэгч компани, эсхүл тусгай зориулалттай компанийн хувьцаа эзэмшигч байж болно. /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

42.7.Төслийн хэрэгжилтийн явцад тусгай зориулалтын компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагатай болсон, эсхүл компанийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд төрийн түншлэгчид мэдэгдэж зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрлийг үндэслэлгүйгээр хойшлуулж болохгүй.

42.8.Тусгай зориулалтын компанийг хуулийн этгээдээр бүртгүүлснээс хойших хугацаанд компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төрийн түншлэгчээс зөвшөөрөл авах дүрэм, журам, эдгээрт зарчмын өөрчлөлт оруулах нөхцөлийг түншлэлийн гэрээнд заах ба эдгээр нөхцөл, журам нь анхны сонгон шалгаруулалтын баримт бичигт заасантай ижил байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.