43 дугаар зүйл. Төслийн хөрөнгийн өмчлөл, бүртгэл

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Төслийн хөрөнгийн өмчлөл, бүртгэл

43.1.Төслийн хөрөнгийн өмчлөлийн асуудлыг холбогдох хууль тогтоомж болон түншлэлийн гэрээгээр зохицуулах бөгөөд дараах байдлаар гэрээнд тусгаж болно:

43.1.1.төрийн түншлэгч этгээдэд шилжүүлэх хөрөнгө;

43.1.2.төрийн түншлэгч этгээд өөрийн сонголтоор худалдан авах хөрөнгө;

43.1.3.хувийн хэвшлийн түншлэгчийн эзэмшилд үлдэх хөрөнгө.

43.2.Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол түншлэлийн зүйл нь төрийн болон орон нутгийн өмчид хамаарна.

43.3.Түншлэлийн зүйлийг ашиглах явцад бий болсон биет эд хөрөнгө болон оюуны өмч, оюуны үнэт зүйл нь төрийн, эсхүл орон нутгийн өмчид хамаарна.

43.4.Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол түншлэлийн зүйлийг эзэмших, ашиглах хугацаанд олсон энэ хуулийн 43.3-т зааснаас бусад ашиг, орлого нь түншлэлийн гэрээний хугацаанд хувийн хэвшлийн түншлэгчийн өмчид хамаарна.

43.5.Түншлэлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хувийн хэвшлийн түншлэгчид ашиглуулахаар шилжүүлсэн түншлэлийн зүйл, газар ба бусад эд хөрөнгө нь гэрээнд заасан зориулалтаар цаашид ашиглагдах боломжгүй, эсхүл шаардлагагүй болсноос бусад тохиолдолд төрийн түншлэгч болон төрийн бусад байгууллага, албан тушаалтан түншлэлийн гэрээ дуусгавар болохоос өмнө түүнийг буцаан авах, эсхүл захиран зарцуулах шийдвэр гаргахыг хориглоно.

43.6.Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн зүйлийг гэрээнд заасан тохиолдолд гэрээний хугацаа, нөхцөл, журмын дагуу эзэмшиж, ашиглаж, барьцаалж болно.

43.7.Түншлэлийн гэрээний нөхцөлөөс хамаарч гэрээний хугацаа дуусахад хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн хүрээнд бий болсон, эсхүл түншлэлд хамаарах аливаа хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид гэрээнд заасны дагуу шилжүүлнэ.

43.8.Төрийн болон орон нутгийн өмчид хамаарах оюуны өмчийг түншлэлийн төсөлд нэвтрүүлснээс олсон түншлэлийн төслийн орлогын 5 хүртэлх хувийг оюуны өмчийн эрх эзэмшигчийн инноваци, судалгаа хөгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулж болно. /Энэ хэсгийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.