44 дугаар зүйл. Төслийн хөрөнгө оруулалт, барьцаа, төсөл хэрэгжүүлэх баталгаа
44.1.Хувийн хэвшлийн түншлэгч түншлэлийн төслийн хөрөнгө оруулалтыг дараах эх үүсвэрээр санхүүжүүлж болно:
44.1.1.хувийн хэвшлийн түншлэгчийн өөрийн хөрөнгө;
44.1.2.өрийн санхүүжилт;
44.1.3.төсвөөс тодорхой санхүүжилтийг гаргах;
44.1.4.бусад санхүүгийн эх үүсвэр.
44.2.Энэ хуулийн 44.1.4-т заасан эх үүсвэрт Монгол Улсын Хөгжлийн банк болон Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, хөрөнгө оруулалт хамаарахгүй.
44.3.Хувийн хэвшлийн түншлэгч хөрөнгө оруулалтын болон төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой нийт зардлыг энэ хуулийн 14.2, 14.3, 14.4-т заасны дагуу санхүүжүүлнэ.
44.4.Түншлэлийн гэрээнд түншлэлийн төслийн барьцааны зүйлийн талаар зохицуулж болох бөгөөд барьцааны зүйл нь нийтийн өмчийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, эсхүл борлуулалтын авлага байж болно.
44.5.Хувийн хэвшлийн түншлэгч энэ хуулийн 44.4-т заасны дагуу барьцааны эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн түншлэгчид тухай бүрд мэдэгдэх бөгөөд төслийн үйл ажиллагааны эрх, төсөл хэрэгжүүлэх зорилгоор авсан тусгай зөвшөөрлийг барьцаалахыг хориглоно.
44.6.Хувийн хэвшлийн түншлэгч компанийн хувьцаа эзэмшигч төслийн тусгай зориулалтын компанийн хувьцааг төрийн түншлэгч зөвшөөрсөн тохиолдолд барьцаалуулж болно.
44.7.Хувийн хэвшлийн түншлэгч түншлэлийн үндсэн болон дагалдах гэрээнд заасан хугацаа, стандарт болон зардлын дагуу түншлэлийн төслийг хугацаанд нь гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэх баталгааг гаргаж, төлбөрийг гэрээнд заасны дагуу Түншлэлийн төсөл хөгжүүлэх санд, энэ хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хувьд аймгийн орон нутгийн сан болон нийслэлийг хөгжүүлэх санд гэрээ байгуулахаас ажлын 5 өдрийн өмнө шилжүүлнэ. Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ./
44.8.Төсөл хэрэгжүүлэх баталгааны хувь хэмжээг төслийн төрөл, гэрээний хэлбэрээс хамаарч түншлэгч талууд гэрээнд тусгаж тохиролцох бөгөөд энэ нь гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас илүүгүй байна.
44.9.Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн гэрээний дагуу нийтэд зориулсан барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой түрээс, төлбөр, хураамж авах эрхтэй бөгөөд төлбөр, хураамжийн хэмжээ тогтоох, түүнийг өөрчлөх аргачлалыг түншлэлийн гэрээнд тодорхой заана.
44.10.Төрийн түншлэгч нийтэд зориулсан барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой хэрэглэгчээс төлсөн төлбөр, хураамжийг түншлэлийн гэрээнд заасны дагуу хувийн хэвшлийн түншлэгчид шилжүүлнэ.