46 дугаар зүйл. Түншлэлийн гэрээний хувийн хэвшлийн хяналтын эрхийг шилжүүлэх
46.1.Хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчийн зөвшөөрөлгүйгээр түншлэлийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэхийг хориглоно.
46.2.Хувийн хэвшлийн түншлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрийн түншлэгчээс гэрээг цуцлах эрхтэй болох, эсхүл гэрээг цуцлах болон гэрээнд заасан бусад нөхцөл үүссэн тохиолдолд төслийн санхүүжүүлэгч, эсхүл зээлдүүлэгч нь гэрээнд заасны дагуу санхүүжүүлэгчийн хөндлөнгөөс оролцох эрхийг хэрэгжүүлж болно.
Тайлбар: "Санхүүжүүлэгчийн хөндлөнгөөс оролцох эрх" гэдэгт санхүүжүүлэгч, эсхүл зээлдүүлэгч нь түншлэлийн гэрээний үүргээ зөрчсөн хувийн хэвшлийн түншлэгчийн эрх, үүргийг энэ хуульд заасан шаардлагыг хангасан өөр этгээдэд төрийн түншлэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр шилжүүлэхийг ойлгоно.
46.3.Түншлэлийн гэрээнд заасан тохиолдолд гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдлын улмаас олон нийт, хэрэглэгчдэд эрсдэл учирсан, эсхүл төрийн түншлэгчээс түншлэлийн гэрээг цуцлах нөхцөл бий болсон тохиолдолд төрийн түншлэгч нь хувийн хэвшлийн түншлэгчийн үйлчилгээ үзүүлэх эрхийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг уг нөхцөл байдал арилах хүртэлх хугацаанд шилжүүлж авах эрхтэй.
46.4.Хувийн хэвшлийн түншлэгч компанийн хувьцаа эзэмшигч нь төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш түншлэлийн гэрээнд тусгагдсаны дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, барилга байгууламжийн ажил дууссанаас хойш төслийн тусгай зориулалтын компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг төрийн түншлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гуравдагч этгээдэд шилжүүлж болно.
46.5.Энэ хуулийн 46.2-т заасан тохиолдолд түншлэлийн гэрээнд төрийн түншлэгчээс гуравдагч этгээдэд эрх, үүрэг шилжүүлэх зөвшөөрөл өгөх нөхцөл болзол, гэрээний үүргийг бүхэлд нь хүлээн авсан шинэ түншийг хүлээн зөвшөөрөх, үйлчилгээ үзүүлэхэд хангалттай техникийн болон санхүүгийн чадавхтай эсэхийг нотлох шаардлагыг тодорхой заана.
46.6.Төрийн түншлэгч нь түншлэлийн төслийн бүх үе шатанд түншлэлийн гэрээнд заасан хяналтын эрхийг хэрэгжүүлнэ.