50 дугаар зүйл. Сангийн эх үүсвэр, зарцуулалт, хяналт

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Сангийн эх үүсвэр, зарцуулалт, хяналт

50.1.Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

50.1.1.улсын төсвөөс олгосон санхүүжилт;

50.1.2.олон улсын байгууллагаас олгосон хөнгөлөлттэй зээл, тусламж, хандив, бусад санхүүжилт;

50.1.3.Сангийн хөрөнгө оруулалт болон түншлэлийн төслийн бэлтгэл ажлын төлбөр, түншлэлийн төвийн үйл ажиллагаанаас олсон орлого;

50.1.4.Засгийн газрын баталгааны шимтгэл;

50.1.5.хууль тогтоомжид нийцсэн бусад.

50.2.Сангийн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:

50.2.1.түншлэлийг хөгжүүлэх, гадаад болон дотоодод сурталчлах, олон нийтэд таниулах, ил тод тогтвортой орчныг бүрдүүлэх;

50.2.2.төслийн бэлтгэл үйл ажиллагаа, төслийн бүрэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ;

50.2.3.Түншлэлийн төвийн үйл ажиллагаа, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний зардал;

50.2.4.хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт, хэлэлцээр хийхтэй холбоотой зардал;

50.2.5.Сангийн журамд тусгагдсан бусад үйл ажиллагааны зардал.

50.3.Төсөл боловсруулахтай холбоотой Сангийн захиран зарцуулалт, удирдлагад түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

50.4.Сангийн хөрөнгийн бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон олон улсын стандартын дагуу хөтөлнө.

50.5.Санд жил бүр төрийн аудитын байгууллагаар, гурван жил тутамд олон улсын аудитын байгууллагаар аудит хийлгэж, шаардлагатай тохиолдолд санхүүгийн хяналт, шалгалт хийж, тайлан, дүгнэлтийг Засгийн газарт тухай бүрд танилцуулна.

50.6.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн тайлагналтыг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй бөгөөд Сангийн орлого, зарлагын тайланг тухай бүр цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

50.7.Сангийн хөрөнгийг энэ хуульд зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

50.8.Түншлэлийн төслийн бэлтгэл ажлын төлбөрийг түншлэлийн гэрээнд заасны дагуу санд төвлөрүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.