51 дугаар зүйл. Түншлэлийн ил тод байдал

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Түншлэлийн ил тод байдал

51.1.Нууцын тухай хууль тогтоомж, түншлэгч талуудын гэрээнд зааснаас бусад тохиолдолд түншлэлийн үйл ажиллагаа, мэдээлэл болон бүртгэл, тайлагналт нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.

51.2.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түншлэлийн төв болон төрийн түншлэгч нь түншлэлийн ил тод байдлыг дараах хэлбэрээр хангана:

51.2.1.түншлэлийн үйл ажиллагааг тухай бүр мэдээлж, тайлагнах;

51.2.2.түншлэлийн төслүүдийг мэдээлэх, сурталчлах;

51.2.3.хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын бүх үйл ажиллагаа, үр дүнг нийтэд нээлттэй, ил тод тогтмол мэдээлэх;

51.2.4.түншлэлийн төсөл, төрийн болон хувийн хэвшлийн түншлэгчийн талаарх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, бүртгэл хөтлөх, тогтмол шинэчлэх;

51.2.5.түншлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, түншлэлийн төслүүдийн төлөвлөлт болон хэрэгжилтийн талаар Засгийн газар, түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

51.2.6.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан түншлэлтэй холбоотой мэдээллийг хүргүүлж, тайлагнах;

51.2.7.түншлэлийн чуулга уулзалт, хэлэлцүүлгээр дамжуулан түншлэлийн төслүүдийг сурталчлах, хөрөнгө оруулагчдад түншлэлийн хууль тогтоомж, журам, аргачлалын талаар мэдээлэх;

51.2.8.түншлэлийн цахим хуудас болон бусад мэдээллийн сувгаар дамжуулан түншлэлийн төслийн үнэлгээ, хэрэгжилтийн тайланг тогтмол мэдээлэх.

51.3.Түншлэлийн төв нь түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн түншлэгч бусад этгээдтэй хамтран түншлэлийн чуулга уулзалтыг тухай бүр зохион байгуулж, олон нийт, хувийн хэвшил, төрийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдийн оролцоог хангана.

51.4.Түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн түншлэгч этгээд нь Шилэн дансны тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу түншлэлийн ил тод байдлыг хангаж ажиллана.

51.5.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түншлэлийн төвөөр дамжуулан үндэсний болон олон улсын судалгаа, шинжилгээ, шилдэг туршлагад суурилсан түншлэлийг зөв, оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж, удирдамж, зааварчилгаа агуулсан түншлэлийн гарын авлагыг боловсруулж, хэвлүүлэн түншлэлийн үйл ажиллагаанд ашиглана.

51.6.Түншлэлийн төв энэ хуулийн 51.5-д заасан түншлэлийн гарын авлагыг шинэчилж, төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон нийтэд танилцуулж, түншлэлийн талаарх ойлголтыг сурталчлан таниулж, мэдээлэх, шаардлагатай сургалт, семинарыг зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

51.7.Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлийн төслийн талаар дараах мэдээллийг энэ хуулийн 12.2.11-д заасан мэдээллийн нэгдсэн сангийн цахим хуудсанд нийтэлнэ:

51.7.1.түншлэлийн төслийн дэлгэрэнгүй мэдээлэл;

51.7.2.түншлэлийн гэрээ болон дагалдах гэрээний дүн, хугацаа;

51.7.3.түншлэлийн хөрөнгийг ашиглах эрх, үйлчилгээ үзүүлэх үүрэг, засвар үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг.

51.8.Тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлийн гэрээ байгуулагдсан даруйд тухайн түншлэлийн гэрээ болон дагалдах гэрээний хуулбарыг түншлэлийн мэдээллийн нэгдсэн цахим санд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.