52 дугаар зүйл. Түншлэлийн мэдээллийн сан, тайлагналт
52.1.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Түншлэлийн төв нь түншлэлийн мэдээллийн нэгдсэн санг байгуулж, мэдээллийг нэгдсэн сангийн цахим хуудсанд тухай бүрд оруулан шинэчилж, ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллана.
52.2.Хувийн хэвшлийн түншлэгч нь түншлэлийн төслийн мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд энэ хуулийн 8.2-т заасан журмын дагуу төрийн түншлэгч болон түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангана.
52.3.Тухайн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлийн төслийн төлбөр, санхүүжилтийн талаарх мэдээлэл болон Засгийн газрын баталгаа, дэмжлэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлнэ.
52.4.Энэ хуулийн 52.3-т заасан мэдээлэлд дараах асуудлыг тусгана:
52.4.1.төсвөөс санхүүжүүлэх хуваарь, түншлэлийн гэрээнд тусгагдсан хөнгөлөлт, түрээсийн төлбөр, болзошгүй өр төлбөр;
52.4.2.төрөөс хувийн хэвшлийн түншлэгчид төсвөөс олгох санхүүжилт;
52.4.3.төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч этгээдийн балансад бүртгэгдсэн хөрөнгө;
52.4.4.түншлэлтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан баталгааны мэдээлэл, үргэлжлэх хугацаа, төрөөс хүлээх санхүүгийн нийт хариуцлага болон тухайн баталгаатай холбогдон гарах төсвийн зардал.
52.5.Төрийн түншлэгч буюу тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлээр хэрэгжүүлж байгаа төслийн талаарх мэдээллийг агуулсан тайланг жил бүрийн 04 дүгээр сарын 20-ны дотор гаргаж түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ба түншлэлийн мэдээллийн нэгдсэн санд байршуулж, тайлагнана.
52.6.Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь түншлэлийн талаарх тухайн жилийн нэгдсэн тайланг жил бүрийн 06 дугаар сарын 10-ны дотор Засгийн газарт хүргүүлнэ.
52.7.Төрийн түншлэгч энэ хуулийн 52.5-д заасан мэдээлэлд дараах асуудлыг тусгана:
52.7.1.түншлэлийн төслийн дэлгэрэнгүй мэдээлэл, хэрэгжилтийн талаарх танилцуулга;
52.7.2.түншлэлийн төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төсвөөс санхүүжүүлэх хуваарь, дүн;
52.7.3.түншлэлийн зүйлийг ашиглах эрх, үйлчилгээ үзүүлэх үүрэг, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үйлдвэр, тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөнд шилжүүлэх эрх, үүрэг;
52.7.4.түншлэлийн хугацааны эцэст аливаа хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэх үүрэг;
52.7.5.гэрээг сунгах, цуцлах заалт, бусад үндсэн ашиглалт болон засвар үйлчилгээний талаарх мэдээлэл.