56 дугаар зүйл. Гомдол гаргах, хянан шийдвэрлэх

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Гомдол гаргах, хянан шийдвэрлэх

56.1.Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой гомдол гаргах, маргаан шийдвэрлэх асуудлыг зохицуулах, түүнчлэн уг маргааныг хянан шийдвэрлэх зорилго бүхий маргаан шийдвэрлэх зөвлөлийг Засгийн газрын шийдвэрээр байгуулна.

56.2.Энэ хуулийн 56.1-д заасан зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар баталж, мөрдүүлнэ.

56.3.Хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт энэ хууль болон холбогдох журам зөрчсөн гэж үзсэн бол сонгон шалгаруулалтад оролцогч энэ хуулийн 56.1-д заасан маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргаж болно.

56.4.Энэ хуулийн 25.4-т заасны дагуу мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах эрхтэй байна. /Энэ хэсэгт 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

56.5.Түншлэлийн төслийн сонгон шалгаруулалттай холбоотой маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хүсэлтээр үндэсний болон олон улсын шинжээчийг оролцуулж, дүгнэлт гаргуулж болох бөгөөд холбогдох зардлыг оролцогч хариуцна.

56.6.Түншлэлийн төслийн сонгон шалгаруулалттай холбоотой маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг сонгон шалгаруулалтад оролцогч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.