10 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг

10.1.Суралцагч дараах эрхтэй:

10.1.1.эрүүл, аюулгүй, жендэрийн тэгш байдлыг хангасан орчин, нөхцөлд суралцах;

10.1.2.уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд эх хэлээрээ харилцах;

10.1.3.чадамжаа үнэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, дүйцүүлэх, баталгаажуулах;

10.1.4.сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;

10.1.5.суралцагчийн өөрийн удирдлагын байгууллагаар дамжуулан боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд оролцох;

10.1.6.сургалтын чанар, сургалтын хөтөлбөр, агуулгын талаар санал, хүсэлт илэрхийлэх, судалгаа, шинжилгээний ажилд оролцох;

10.1.7.хүмүүнлэгийн болон сайн дурын үйл ажиллагааг санаачлах, оролцох;

10.1.8.хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах;

10.1.9.хөгжлийн бэрхшээлтэй суралцагч нь бусад суралцагчийн адил боловсрол эзэмших тэгш боломж, нөхцөлөөр хангагдах;

10.1.10.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамрагдахгүй байх;

10.1.11.ялгаатай хэрэгцээнээс үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангагдах;

10.1.12.хуульд заасан бусад.

10.2.Суралцагч дараах үүрэгтэй:

10.2.1.сургалтын хөтөлбөр, агуулгыг эзэмших;

10.2.2.багш, ажилтны хууль ёсны шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;

10.2.3.багш, ажилтан, суралцагч, хамт олны харилцааг эрхэмлэх, бусдыг хүндэтгэх;

10.2.4.боловсролын сургалтын байгууллагатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

10.2.5.ерөнхий боловсролыг заавал эзэмших;

10.2.6.бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгүй байх;

10.2.7.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.