11 дугаар зүйл. Суралцагчийн нийгмийн баталгаа
11.1.Цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид ногдох хувьсах зардлыг төр хариуцна.
11.2.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид сургуулийн автобусаар үйлчилж болно.
11.3.Гадаадын болон дотоодын мэргэжлийн, техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан тохиолдолд суралцагчийн тэтгэлэг олгоно.
11.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгож болно.
11.5.Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, зээл олгоно.
11.6.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан суралцагч боловсрол эзэмшихэд шаардагдах тохирох хэрэглэгдэхүүн, дэмжих үйлчилгээгээр хангагдана.
11.7.Холбогдох хууль тогтоомжид заасан бусад баталгаагаар хангагдана.