12 дугаар зүйл. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн тогтолцоо

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн тогтолцоо

12.1.Багш, ажилтан нь боловсролын хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6-д заасан ажил мэргэжлийн стандарт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

12.2.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид багш мэргэжлийн сонгон бүлэг хичээллүүлж, амжилттай төгсөгчийг багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцахад нь төрөөс дэмжлэг үзүүлнэ.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасан дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

12.4.Багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаа, багш мэргэжлийн сонгон бүлэг зохион байгуулах журам, сургалтын хөтөлбөрт тавих шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12.5.Дээд боловсролын сургалтын байгууллага магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багшийг бэлтгэнэ. Багшаас бусад мэргэжилтэй иргэн багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдан багшаар ажиллаж болно.

12.6.Багш бэлтгэх сургалтын хөтөлбөр энэ хуулийн 5.1.4-т заасан зарчимд үндэслэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 17.6-д заасан ажил мэргэжлийн стандартад нийцсэн байна.

12.7.Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг төрөөс үзүүлнэ.

12.8.Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь багшлах эрхийн гэрчилгээтэй байна.

12.9.Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.5-д заасан багшлах эрхийг энэ хуулийн 12.8-д заасан багшлах эрхийн гэрчилгээтэйд тооцно.

12.10.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сул орон тоонд аймаг, сум, дүүрэг, баг, тосгоны удирдлагын захиалгаар, эсхүл өөрийн хүсэлтээр гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ.

12.11.Багшийн мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд тухайн түвшний боловсролын сургалтын байгууллага болон багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн боловсролын харилцаанд оролцогч талуудтай хамтран зохион байгуулна.

12.12.Багшийн мэргэжлийн хөгжлийн цахим системтэй байна.

12.13.Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан төв нь багш, ажилтны мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулах бие даасан нэгжтэй байх бөгөөд нэгжийн жишиг бүтэц, орон тоог боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12.14.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, удирдах ажилтныг өөртэй нь тохиролцон тухайн аймаг, сум, дүүрэг, баг, тосгоны боловсролын сургалтын байгууллагын адил чанарын өөр ажилд шилжүүлэн ажиллуулж болно.

12.15.Энэ хуулийн 12.14-т заасан багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах хугацаа, журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12.16.Багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөх ангийн суралцагчийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн сул орон тоонд Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан дагалдан багшаар ажиллуулж болно.

12.17.Багш үндсэн ажлын цагаас бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэмэлт орлого олж болно. Энэ харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.