13 дугаар зүйл. Багшийн эрх, үүрэг, багш, ажилтны нийгмийн баталгаа

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Багшийн эрх, үүрэг, багш, ажилтны нийгмийн баталгаа

13.1.Багш дараах эрхтэй:

13.1.1.эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан орчин, нөхцөлд хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах;

13.1.2.судалгаа шинжилгээний ажил хийх;

13.1.3.жил тутам холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах;

13.1.4.боловсролын сургалтын байгууллагын хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журам боловсруулах, хэрэгжүүлэх, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх болон шийдвэр гаргахад санал өгөх;

13.1.5.хүмүүнлэгийн болон сайн дурын үйл ажиллагааг санаачлах, оролцох;

13.1.6.хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах;

13.1.7.цахим сургалт зохион байгуулах хэрэгцээнд суурилсан мэргэжлийн хөгжлийн орчин, нөхцөлөөр хангагдах;

13.1.8.хуульд заасан бусад.

13.2.Багш дараах үүрэгтэй:

13.2.1.суралцагчид тогтоосон хугацаанд сургалтын хөтөлбөр, агуулгыг чанартай, бүрэн эзэмшүүлэх;

13.2.2.суралцагчийн ялгаатай хэрэгцээ, сурлагын түвшинг харгалзан сургалтыг үр дүнтэй удирдан зохион байгуулах, чиглүүлэх;

13.2.3.суралцагчийн чадамжийг бодитой үнэлэх, тэдний авьяас, хөгжлийн онцлог, хэрэгцээ, шаардлагыг судлан суралцахуйг дэмжих;

13.2.4.суралцагчийн төлөвшил, хувийн зан чанарыг судлах, сонирхол, сайн тал, авьяас, чадварыг илрүүлэх, хөгжүүлэн дэмжих;

13.2.5.суралцагчаа хүндэтгэх, бие даасан байр суурь, үзэл бодол, онцлог байдлыг нь хүлээн зөвшөөрч зөв хандлагаар чиглүүлж, хөгжүүлэх;

13.2.6.хувь хүний нууцыг хадгалах, хамгаалах, суралцагчийг ялгаварлан гадуурхсан аливаа үйлдэл гаргахгүй байх, суралцах арга барилыг дэмжих;

13.2.7.багшийн мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, нэр төрийг эрхэмлэх;

13.2.8.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.

13.2.9.сургалтад цахим технологи, хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах арга зүйд суралцах, цахим сургалт, контент бүтээх, сургалтын нээлттэй нөөц материал болон бусад цахим системийг ашиглах;

13.2.10.ажлын байранд болон бусад хэлбэрээр мэргэжлээ дээшлүүлэн, өөрийгөө хөгжүүлж, бусадтай хамтран ажиллах, бусдыг хүндэтгэх;

13.2.11.суралцагчийн эрхийг зөрчих болон сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох, багш, удирдах ажилтан хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхэд саад учруулах үйлдэл гаргахгүй байх;

13.2.12.байгууллагын үйл ажиллагаанд оролцох, байгууллагын өөрийн удирдлага, бусад багш, ажилтан, суралцагчийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн төлөөллийн байгууллагатай хамтран ажиллах, дэмжин туслах;

13.2.13.улс төрөөс ангид байж, хуулиар зөвшөөрснөөс бусад улс төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх;

13.2.14.холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, аргачлалыг чанд сахин мөрдөх;

13.2.15.суралцагч болон сургалтын мэдээллийг цахим мэдээллийн санд хугацаанд нь бүртгэх, тайлагнах;

13.2.16.ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдах, үр дүнд үндэслэн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, төлөвлөх, хэрэгжүүлэх;

13.2.17.суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах, зөвлөн туслах;

13.2.18.хуульд заасан бусад.

13.3.Багш, ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана:

13.3.1.хөдөлмөрийн онцлогийг харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч болон бусад ажилтанд ажлын 15 өдөр, багш, багшийн туслах, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгох;

13.3.2.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багш нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах;

13.3.3.сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох;

13.3.4.төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох;

13.3.5.дээд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэмжийг тухайн боловсролын сургалтын байгууллагаас олгох;

13.3.6.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлах.

13.4.Багш, ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.

13.5.Бүх түвшний боловсролын сургалтын байгууллага нь багшийг сургалтын үйл ажиллагаанд шаардагдах техник, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, бичиг хэргийн материалаар хангана.

13.6.Багш, ажилтны ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.

13.7.Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан нэмэгдэл амралт энэ хуулийн 13.3.1-д заасан албан тушаалтанд хамаарахгүй.

13.8.Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, буцалтгүй тусламж авсан багш, ажилтныг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллуулах тохиолдолд энэ хуулийн 13.3.3 дахь заалт хамаарахгүй.

13.9.Боловсролын болон хөдөлмөрийн хууль тогтоомжид зааснаас бусад чиг үүргийг багшаар гүйцэтгүүлэхийг хориглоно.

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР, АГУУЛГА, СТАНДАРТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.