14 дугаар зүйл. Албан боловсролын хөтөлбөр, агуулга

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Албан боловсролын хөтөлбөр, агуулга

14.1.Албан боловсролын агуулга нь суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

14.2.Албан боловсролын агуулгыг мэргэшлийн үндэсний шаталсан бүтэцтэй нийцүүлэн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын, дипломын, бакалавр, магистр, докторын гэж ангилах бөгөөд агуулгыг сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.

14.3.Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын хөтөлбөр, агуулгатай холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

14.4.Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт дараах агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлнэ:

14.4.1.монголын түүх, монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, төлөвшил;

14.4.2.хувь хүн, гэр бүлийн төлөвшил, амьдрах ухаан, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл;

14.4.3.хүний эрхийн боловсрол, жендэрийн эрх тэгш байдал;

14.4.4.иргэний ёс зүйн болон зан төлөвийн боловсрол;

14.4.5.эрүүл мэндийн боловсрол;

14.4.6.хүмүүнлэг иргэн, тогтвортой хөгжлийн боловсрол;

14.4.7.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаан;

14.4.8.ажил мэргэжлийн чиг баримжаа олгох;

14.4.9.мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, түүний хор уршиг, дэлгэцийн донгоос сэргийлэх талаар.

14.5.Боловсролын сургалтын байгууллага нь шинжлэх ухаан, соёл урлаг, спортын байгууллагатай хамтран бүх түвшний сургалтын хөтөлбөр, агуулгын дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж болно.

14.6.Гадаад улсад монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг суралцах, өвлөх, түгээн дэлгэрүүлэх, боловсрол нөхөн эзэмших сургалт зохион байгуулах, монгол хүний хөгжлийг дэмжих зорилгоор насан туршийн суралцахуйн төвийг байгуулж болно.

14.7.Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулгын мөрдөх хугацаа нь батлагдсанаас хойш ерөнхий боловсрол эзэмшүүлэх хугацаагаар тогтвортой байна.

14.8.Цахим сургалтын хөтөлбөрийг энэ хуулийн 14.2-т заасан хөтөлбөрт үндэслэн боловсруулж, хэрэгжүүлнэ.

14.9.Бүх түвшний албан боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах агуулгыг зөвхөн энэ хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.