9 дугаар зүйл. Боловсролын болон сургалтын баримт бичиг

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Боловсролын болон сургалтын баримт бичиг

9.1.Боловсролын баримт бичиг нь суралцагчийн эзэмшсэн боловсролын түвшин, мэргэжил болон чадамжийн түвшнийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.

9.2.Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчид гэрчилгээ, мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх, техникийн болон дээд боловсрол эзэмшсэн төгсөгчид диплом олгоно.

9.3.Боловсролын болон сургалтын баримт бичгийн загвар, түүнийг хөтлөх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.4.Сургалтын баримт бичиг суралцагчийн бүртгэл, мэдээлэл, багшийн журнал байна. Сургалтын баримт бичиг нь цахим хэлбэртэй байж болно.

9.5.Гадаад улсын боловсролын болон сургалтын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх, багц цаг харилцан хүлээн зөвшөөрөх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.6.Гадаад улсын, эсхүл олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах тохиолдолд суралцагчийн эзэмшсэн чадамжийг үнэлж, дүйцүүлэх, багц цаг тооцох журмыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

9.7.Суралцагч нь тухайн түвшний боловсролын агуулгыг бүрэн эзэмшээгүй тохиолдолд аливаа боловсролын баримт бичиг олгохгүй.

9.8.Боловсролын баримт бичиг цаасан болон цахим хэлбэртэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.