24 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
24.1.Монгол Улсын Засгийн газар /цаашид "Засгийн газар" гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1.энэ хуулийн 11.3, 11.4, 11.5-д заасан тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх журмыг баталж, хэмжээг тогтоох;
24.1.2.энэ хуулийн 13.3.2, 13.3.3, 13.3.4-т заасан нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг, мөнгөн тэтгэмж олгох журмыг батлах;
24.1.3.энэ хуулийн 17.11, 17.13-т заасан байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах;
24.1.4.төрийн өмчийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллага, түүний харьяаллын сургууль, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хамтарсан сургууль байгуулах, өөрчлөх, татан буулгах шийдвэр гаргах;
24.1.5.сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардал түүний бүрэлдэхүүн, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, олон улсын хөтөлбөр, тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлэх цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд боловсрол эзэмшүүлэхэд хүүхдийн тоо, хэрэглээний үнийн түвшингээс хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүр, хувьсах зардал болон үр дүнгийн үнэлгээнд үндэслэн төсөв тооцох аргачлал, санхүүжүүлэх журмыг батлах;
24.1.6.төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын хувьсах зардлын хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоох;
24.1.7.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн хоол, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хувь, хэмжээг тогтоох;
24.1.8.боловсролын цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага болон төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагатай мэдээлэл солилцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
24.1.9.Боловсролын үндэсний зөвлөл байгуулах, бүрэлдэхүүн, дүрмийг батлах;
24.1.10.мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг батлах;
24.1.11.энэ хуулийн 38.8-д заасан дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох журам батлах;
24.1.12.энэ хуулийн 25.1.3-т заасан жагсаалтыг батлах;
24.1.13.боловсролын цахим мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах журмыг батлах;
24.1.14.энэ хуулийн 12.7, 12.10-т заасан хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх журмыг батлах;
24.1.15.хуульд заасан бусад бүрэн эрх.