26 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

26.1.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

26.1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 106.3-т заасны дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ажлын жишиг норм, нормативыг батлах;

26.1.2.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, насан туршийн суралцахуйн төвийн багш, удирдах ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам батлах;

26.1.3.иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;

26.1.4.төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журам батлах;

26.1.5.сурах бичгийн эхийг зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайд тавих шаардлагыг батлах;

26.1.6.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн сургалтын менежер, арга зүйч, багшийн албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг батлах;

26.1.7.мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын мэргэжлийн чиглэл, индексийг батлах;

26.1.8.хуульд өөрөөр заагаагүй бол мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам болон шинжээчид тавих шаардлага батлах;

26.1.9.энэ хуулийн 17.2, 17.11, 17.13-т заасан байгууллагын бүтэц, дүрмийг батлах;

26.1.10.энэ хуулийн 17.2, 17.11, 17.13-т заасан байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасны дагуу чөлөөлөх;

26.1.11.зайн болон цахим сургалт зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх журам батлах;

26.1.12.гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед боловсролын салбарын бэлэн байдлыг хангах, гамшгийн нөхцөл байдлыг харгалзан хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаанд зохицуулалт хийх шийдвэр гаргах;

26.1.13.аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс, насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааны журмыг батлах;

26.1.14.багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох бусад үйл ажиллагааны журмыг батлах;

26.1.15.боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг батлах;

26.1.16.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоог энэ хуулийн 23.3-т заасан Мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн тогтоох;

26.1.17.Төрийн албаны тухай хуулийн 57.14-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг салбарын онцлог, гүйцэтгэл, үр дүнг харгалзан нэмэгдүүлэх асуудлыг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх;

26.1.18.аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын шалгалтын дүнг үндэслэн томилж, хуульд заасны дагуу чөлөөлөх;

26.1.19.боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын бүтэц, орон тоог тухайн нутаг дэвсгэр дэх суралцагчийн тоо, төвөөс алслагдсан байдлыг үндэслэн батлах;

26.1.20.боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлах;

26.1.21.боловсролын сургалтын байгууллагад олгох зөвшөөрлийн гэрчилгээний загварыг батлах;

26.1.22.мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлт, төгсөлтийн журам, элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал батлах;

26.1.23.боловсролын чанарын баталгаажуулалт хийх журам, аргачлал батлах;

26.1.24.боловсролын салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбоотой санал боловсруулах, салбарын холбогдох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө болон шаардлагатай дүрэм, журам, заавар, аргачлал боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох;

26.1.25.энэ хуулийн 17.9-д заасан төвийн бүтэц, орон тоо, үйл ажиллагааны дүрмийг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран батлах;

26.1.26.хуульд заасан бусад бүрэн эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.