35 дугаар зүйл. Боловсролын хяналт шалгалт, чанарын үнэлгээ

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Боловсролын хяналт шалгалт, чанарын үнэлгээ

35.1.Боловсролын хяналт шалгалтыг холбогдох хуульд заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, хяналт шалгалтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

35.2.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагч боловсролын болон холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавина.

35.3.Боловсролын чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг холбогдох журмын дагуу энэ хуулийн 17.11-д заасан байгууллага, суралцагч, эцэг, эх, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, ажил олгогчийн төлөөллийг оролцуулан зохион байгуулна.

35.4.Боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийг хөндлөнгөөс үнэлнэ.

35.5.Боловсролын үнэлгээг цахимаар зохион байгуулж болох ба суралцагчийн ахиц дэвшилд дүн шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах цахим системтэй байна.

35.6.Боловсролын чанарыг гурван жил тутам олон улсын эрх бүхий байгууллагаар үнэлүүлнэ.

35.7.Боловсролын сургалтын байгууллага дотоод чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлнэ.

35.8.Боловсролын сургалтын байгууллага энэ хуулийн 35.7-д заасан чанарын баталгаажуулалтын үр дүнд үндэслэж, чанарын сайжруулалтын төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ.

35.9.Энэ хуулийн 35.8-д заасан төлөвлөгөө нь боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний хэсэг болох бөгөөд түүний ажлын үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт нь чанарын ахиц дэвшил байна.

35.10.Төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаад улсын хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ.

35.11.Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын магадлан итгэмжлэлийг холбогдох хуулиар зохицуулна.

35.12.Сургалтын хөтөлбөрийг гадаадын болон олон улсын эрх бүхий байгууллагатай хамтран магадлан итгэмжилж болно.

БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ, СУРГАЛТЫН ОРЧИН

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.