38 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт

38.1.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн үйл ажиллагааны дараах зардлын бүрэлдэхүүнийг харгалзан тооцож, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:

38.1.1.сургуулийн хүчин чадлаас хамаарсан үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө болон үндсэн хөрөнгийн хадгалалт хамгаалалт, байр ашиглалтын болон тогтмол зардал, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах зардал;

38.1.2.хүүхдийн тоо, бүлэг дүүргэлт, хүчин чадлын ашиглалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, нэмэлт хөтөлбөр, багшийн мэргэжлийн хөгжил, сургалтын цахим хэрэглээ, сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, боловсролын стандарт, багш ажилтны дундаж цалин хөлснөөс хамаарсан сургалтын үйл ажиллагааны хувьсах зардал;

38.1.3.боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллын санхүүжилт;

38.1.4.холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж байгаа үдийн хоол болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх зардал;

38.1.5.багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зардал.

38.2.Хувьсах зардлын хэмжээ, бүрэлдэхүүнийг сургуулийн байршил, мэргэжлийн чиглэл, сургалтын хөтөлбөр, суралцагчийн ялгаатай хэрэгцээг харгалзан суралцах тэгш боломж олгох зорилгоор боловсролын сургалтын байгууллагын түвшин бүрээр тогтоож санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална.

38.3.Энэ хуулийн 38.1.3-т заасан нэмэлт урамшууллын санхүүжилтийг олгоход боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээ нь сургалтын чанар, суралцагч бүрийн суралцахуйн үр дүнд гаргасан ахиц, тухайн байгууллагын засаглал, ил тод байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн талаар хийсэн хөндлөнгийн үнэлгээнд үндэслэх бөгөөд санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална.

38.4.Энэ хуулийн 38.1.2, 38.1.3-т заасан гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг боловсролын сургалтын байгууллага дараагийн төсвийн жил дамжин зарцуулж болно.

38.5.Улсын төсвөөс дараах зардлыг санхүүжүүлнэ:

38.5.1.холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өмчийн хэлбэр үл харгалзан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн нэг суралцагчид олгох хувьсах зардал;

38.5.2.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, дотуур байрны багш, ажилтны гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан санхүүжилт;

38.5.3.мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дотуур байрны нийт зардал, төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хувьсах зардал, хоолны зардал, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тогтмол зардал;

38.5.4.цэцэрлэгт хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоол, сургуулийн суралцагчийн дотуур байрны хоолны зардал;

38.5.5.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хоолны зардал;

38.5.6.төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны зардал;

38.5.7.төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зориулалттай тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа, анхны өртгийг харгалзан нэг хүүхдэд тухайн жилд ногдох элэгдлийн зардлыг тооцсон дундаж норматив зардлаар санхүүжүүлэх тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, ашиглалтын зардал;

38.5.8.өмчийн хэлбэр үл харгалзан дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид хуульд заасан нөхцөлөөр төрөөс олгох тэтгэлэг, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, зээл;

38.5.9.цэцэрлэгийн хүчин чадал, бүлэг дүүргэлтээс шалтгаалан үндсэн сургалтад хамрагдаагүй хоёр настай хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших хувилбарт сургалтын хэлбэрээс сонгосон тохиолдолд олгох гүйцэтгэлд суурилсан хувьсах зардал;

38.5.10.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, наадгай, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн сургалтын хэрэглэгдэхүүн, номын сангийн баяжилт;

38.5.11.үндэсний хэмжээнд нэвтрүүлэх суралцагч бүрийн сурлагын ахиц, үр дүнг илэрхийлэх цахим систем нэвтрүүлэлт, хөгжүүлэлт, ашиглалт, аюулгүй байдлыг хангах зардал;

38.5.12.энэ хуулийн 17.7, 17.8, 17.9-д заасан үйлчилгээ болон албан бус сургалтын зардлын тодорхой хэсэг;

38.5.13.урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн тусгайлан тодорхойлсон захиалгат хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэл, үр дүнд суурилсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний зардлын тодорхой хэсэг.

38.6.Энэ хуулийн 38.5.5, 38.5.6, 38.5.7-д заасан зардлын улсын төсвөөс санхүүжүүлэх хувь, хэмжээг Засгийн газар тогтоож, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгана.

38.7.Төрөлжсөн хичээлийн улсын олимпиад зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн суралцагч олон улсын түвшний шинжлэх ухааны олимпиадад оролцох болон төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлэх дугуйлангийн зардлын тодорхой хувийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

38.8.Нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, бүс, орон нутгийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээнд үндэслэн мэргэжилтэн бэлтгэх, суралцагчийн авьяас, чадварыг дэмжих, зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгоно.

38.9.Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж болох бөгөөд дэмжлэг үзүүлэх нөхцөл, шаардлага, хэмжээг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.

38.10.Энэ хуулийн 38.5.1-д заасан зардлыг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд гэрээний гүйцэтгэлд үндэслэн олгох бөгөөд гэрээний үр дүнгийн шалгуурыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.