39 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагын орчин

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагын орчин

39.1.Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, номын сан, гал тогоо, биеийн тамирын заал, талбай, дотуур байр, усан хангамж, ариун цэврийн байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.

39.2.Энэ хуулийн 39.1-д заасан орчны норм, нормативыг холбогдох хууль тогтоомж, боловсролын стандартыг үндэслэн боловсролын, эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

39.3.Боловсролын сургалтын байгууллагыг зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах асуудлыг үүсгэн байгуулагч хариуцна.

39.4.Боловсролын сургалтын байгууллага өөрийн харьяанд сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг засварлах, үйлдвэрлэх, хангах зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нэгжтэй байж болно.

39.5.Боловсролын сургалтын байгууллага нь барилга, хот төлөвлөлтийн норм, нормативыг баримтлан тогтоосон, сургалтад зориулсан эзэмшил газартай байна.

39.6.Энэ хуулийн 39.5-д заасан эзэмшил газар болон боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламжийг зориулалтын дагуу ашиглана.

39.7.Энэ хуулийн 29.1.5-д заасны дагуу шинээр барих сургууль, цэцэрлэгийн газрыг өөр зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах, худалдахыг хориглоно.

39.8.Боловсролын сургалтын байгууллага нь болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах аюулгүй байдлыг хангасан, суралцагчийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн орчин бүрдүүлсэн байна.

39.9.Боловсролын сургалтын байгууллага нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон бусад хуульд заасны дагуу тэгш боломж олгосон, хүртээмжтэй, хувь хүний хөгжил, сурч боловсрох хэрэгцээ шаардлагыг хангасан таатай орчин бүрдүүлсэн байна.

39.10.Төрөөс боловсролын хүртээмж, суралцах тэгш нөхцөлийг бүрдүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэрэгцээг улсын болон орон нутгийн төсөв дэх ачааллыг бууруулж, үе шаттай шийдвэрлэх зорилгоор дараах нөхцөлөөр хөрөнгө оруулалтын элэгдлийн зардлыг нэг хүүхдэд ногдох норматив тогтоон жил бүр санхүүжүүлж болно:

39.10.1.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг арилжааны хөнгөлөлттэй нөхцөлөөр лизинг болон түрээсийн гэрээгээр хоёр буюу түүнээс дээш жилийн хугацаатай эзэмших, ашиглах, худалдан авах зардал;

39.10.2.бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын цахим сургалтын орчныг бүрдүүлэх тоног төхөөрөмж, хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээ ашиглалт, түүнтэй холбогдох засвар үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан түрээсийн болон лизингийн гэрээний үндсэн дээр ашиглах, эзэмших, худалдан авах зардал;

39.10.3.төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж багатай, нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр стандартын шаардлага хангасан сургалтын зориулалтаар барьсан барилга, байгууламжийг эзэмших, ашиглахтай холбогдсон зардал.

БОЛОВСРОЛЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧИЙН НИЙТЛЭГ ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.