40 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг

40.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах эрхтэй:

40.1.1.хүүхдийнхээ мэдлэг, чадвар, авьяас, хөгжлийн талаар багш болон боловсролын сургалтын байгууллагаас зөвлөгөө авах, хамтран ажиллах;

40.1.2.хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах;

40.1.3.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн болон энэ хуулийн 34.2-т заасан сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн үйл ажиллагаанд оролцох;

40.1.4.боловсролын сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагааны талаар санал, хүсэлт гаргах;

40.1.5.сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчин, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан боловсролын болон сургалтын баримт бичигтэй танилцах;

40.1.6.хуульд заасан бусад.

40.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэгтэй:

40.2.1.гэр бүлийн орчинд сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах;

40.2.2.хүүхдийг таван настайд нь сургуулийн өмнөх боловсролд, цаашид ерөнхий боловсролд заавал хамруулах;

40.2.3.сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах;

40.2.4.хүүхдийн нас, хөгжлийн онцлог, зан төлөвийг таньж мэдэх, хүүхдээ ойлгон хүндлэх, туслах, хараа хяналтгүй орхихгүй байх;

40.2.5.сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургуулиас тавьсан холбогдох хууль, дүрэм, журамд нийцсэн шаардлагыг биелүүлэх;

40.2.6.багшийн нэр хүндийг гутаан доромжлохгүй байх, хүндэтгэлтэй хандаж, соёлтой харьцах;

40.2.7.хүүхдийнхээ хөгжил, төлөвшил, эрүүл мэнд, аюулгүй байдалд байнгын анхаарал тавих, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, дүрэмт хувцсаар хангах;

40.2.8.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох, байгууллагын өөрийн удирдлага, багш, суралцагчийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн төлөөллийн байгууллагатай хамтран ажиллах, дэмжин туслах;

40.2.9.энэ хуулийн 38.5.5-д заасан зардлын тодорхой хэсгийг хариуцах;

40.2.10.хуульд заасан бусад.

40.3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллах бөгөөд гэрээний загварыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.