12 дугаар зүйл. Дээд боловсролын чанарын баталгаажуулалт

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Дээд боловсролын чанарын баталгаажуулалт

12.1.Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь сургуулийн сургалт, судалгааны гүйцэтгэлийн болон чанарын удирдлагыг сайжруулах зорилготой, нээлттэй, оролцогч талыг хамарсан тасралтгүй үйл ажиллагаа байна.

12.2.Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь дараах хэлбэртэй байна:

12.2.1.дотоод чанарын баталгаажуулалт;

12.2.2.хөндлөнгийн үнэлгээ;

12.2.3.магадлан итгэмжлэл.

12.3.Дээд боловсролын сургалтын байгууллага нь өөрийн үнэлгээ, дотоод хяналт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх замаар дотоод чанарын баталгаажуулалтыг хийнэ.

12.4.Хөндлөнгийн үнэлгээг Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, төр, эцэг эх, оюутан, хамтран ажиллагч түнш зэрэг дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд оролцогч талын хүсэлтээр үндэсний, эсхүл олон улсын мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоо, төлөөллийн бусад байгууллага болон шинжээч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалын дагуу хийнэ.

12.5.Магадлан итгэмжлэл нь дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийн чанарт эрх бүхий байгууллага мэргэжлийн, хараат бус үнэлгээ хийх үйл явц байна.

12.6.Дээд боловсролын сургалтын байгууллага, Боловсролын ерөнхий хуулийн 12.5, энэ хуулийн 12.11-д заасан хөтөлбөр, тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг 5 жил тутам магадлан итгэмжилнэ.

12.7.Хуульд өөрөөр заагаагүй бол дээд боловсролын сургалтын байгууллага нь сургалтын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах зорилгоор Боловсролын ерөнхий хуулийн 12.5, энэ хуулийн 12.6-д зааснаас бусад тохиолдолд сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлж болно.

12.8.Шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө тухайн хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ.

12.9.Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ, чансаа, хөтөлбөрийн чанарыг энэ хуулийн 12.13-т заасан цахим сангийн мэдээлэлд үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний байгууллагатай хамтран 2 жил тутам тогтоон олон нийтэд мэдээлнэ.

12.10.Энэ хуулийн 12.2-т заасан хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12.11.Анагаах ухааны мэргэжлийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг заавал магадлан итгэмжилнэ.

12.12.Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ, чансааны үзүүлэлт тухайн байгууллагын суралцагчид хуульд заасан дэмжлэг, зээл, тэтгэлэг олгох үндэслэл болно.

12.13.Дээд боловсролын цахим мэдээллийн сан нь Боловсролын ерөнхий хуулийн 43.3-т зааснаас гадна магадлан итгэмжлэл, эрдэм шинжилгээний бүтээл, санхүүжилт, иргэний гадаад улсад эзэмшсэн боловсрол, үнэлгээ, хөдөлмөр эрхлэлт зэрэг мэдээллээс бүрдэнэ.

12.14.Энэ хуулийн 12.6-д заасан хугацаагаар гурван удаа магадлан итгэмжлэл хийлгэсэн дээд боловсролын сургалтын байгууллага цаашид 10 жил тутам магадлан итгэмжлэл хийлгэнэ.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, НИЙГМИЙН БАТАЛГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.