15 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын багш
15.1.Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нь докторын зэрэгтэй байна.
15.2.Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нь магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.
15.3.Дээд боловсролын сургалтын байгууллагад семинар, дадлага, лабораторийн хичээлийг тухайн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн, зөвлөх, дадлага, туршлагатай мэргэжилтэн удирдаж болно.
15.4.Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багшийн зэрэглэлтэй байна.
15.5.Дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн хөгжлийг хангах журмыг баталж, хэрэгжүүлнэ.