19 дугаар зүйл. Сургалтын зохион байгуулалт
19.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь танхимын, танхимын бус, тэдгээрийн хосолсон хэлбэрээр сургалт зохион байгуулна.
19.2.Дээд боловсролын сургалтын байгууллага нь сургалт, судалгаа, туршилтын ажлын зарим хэсгийг эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрийн лаборатори, дадлагажих газрыг түшиглэн явуулж болно.
19.3.Дээд боловсролын хичээлийн жил нь улиралд хуваагдах бөгөөд 2-4 улиралтай байж болно. Суралцах хугацааг элсэлтийн шалгалттай уялдуулан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр зохицуулна.
19.4.Суралцагч элссэн мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт суралцах хугацаанд бусад мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрт давхар суралцаж хос мэргэжил эзэмшиж болно.
19.5.Дээд боловсролын сургалтын байгууллага нь ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлж болно.
19.6.Дээд боловсролын сургалтын байгууллага нь төгсөгчийн мэргэжлийн хөгжлийг хангах, насан туршийн суралцахуйн тогтолцоог бүрдүүлэх ажлыг зохион байгуулна.
19.7.Дээд боловсролын сургалтын байгууллага нь бие даан, эсхүл хамтран цахим сургалтын системийг бүрдүүлэн, сургалт зохион байгуулж болно.