20 дугаар зүйл. Сургалтын хөтөлбөр, агуулга
20.1.Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20.2.Дээд боловсролын сургалтын байгууллага нь мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц, энэ хуулийн 20.1-д заасан нийтлэг шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ.
20.3.Сургалтын хөтөлбөрийг тухайн сургалтын байгууллага боловсруулж, энэ хуулийн 11.2-т заасан хорооны дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх удирдлага батална.
20.4.Сургалтын хөтөлбөрийн агуулга нь харилцан уялдаа холбоотой ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсэгтэй байна.
20.5.Дэд бакалавр, бакалаврын сургалтын хөтөлбөрт Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна доор дурдсан агуулгыг тусгана:
20.5.1.ерөнхий суурь хэсэгт дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны суурь мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил;
20.5.2.мэргэжлийн суурь хэсэгт суралцах чиглэлийн шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшүүлэх, бүтээлчээр сэтгэх, мэргэжлийн ёс зүй, эрх зүйн суурь ойлголт;
20.5.3.мэргэших хэсэгт тодорхой мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, тухайн салбар, чиглэлийн шинжлэх ухаан, арга, технологи.
20.6.Дээд боловсролын түвшин нь багц цагаар хэмжигдэх дэд бакалаврын, бакалаврын, магистрын, докторын зэрэгтэй байна.
20.7.Багц цагийн хэмжээ нь дэд бакалаврын зэрэгт 90 багц цагаас доошгүй, бакалаврын зэрэгт 120 багц цагаас доошгүй, магистрын зэрэгт 30 багц цагаас доошгүй, докторын зэрэгт 60 багц цагаас доошгүй байна.
20.8.Сургалтын агуулгыг багц цагаар тооцох, багц цагийг дүйцүүлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
20.9.Дээд боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн хүсэлтээр энэ хуулийн 20.1-д заасан нийтлэг шаардлагын дагуу бакалавр-магистрын 150-иас, магистр-докторын 90-ээс доошгүй багц цаг бүхий нэгдмэл агуулгатай хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
20.10.Энэ хуулийн 20.9-д заасан нэгдмэл хөтөлбөрөөр суралцсан төгсөгчид тухайн түвшин бүрийн боловсролын баримт бичгийг олгоно.
20.11.Бакалаврын хөтөлбөрт суралцаж 90 багц цаг судалсан боловч цаашид суралцах боломжгүй болсон суралцагчид дэд бакалаврын зэрэг олгоход тавих шаардлагыг хангасан тохиолдолд тухайн боловсролын баримт бичгийг дүйцүүлэн олгож болно.
20.12.Боловсролын ерөнхий хуулийн 3.1.4-т заасан багц цаг нь дээд боловсрол эзэмшихэд тавих шаардлага, сургалтын төлөвлөгөө, төлбөр, багшийн ажлын ачаалал зэргийг тогтоох үндэслэл болно.
20.13.Боловсролын ерөнхий хуулийн 26.1.7-д заасан дээд боловсролын мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн индексийн жагсаалтыг 5 жил тутам шинэчлэн батална.
20.14.Сургалтын хөтөлбөрийг тухайн дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн холбоо, ажил олгогч, төгсөгчийн төлөөллөөс бүрдсэн энэ хуулийн 11.2-т заасан Хөтөлбөрийн хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
20.15.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахад хөтөлбөрийн агуулга, багц цаг дүйцүүлэн тооцож болно.