21 дугаар зүйл. Суралцагчийн үнэлгээ, төгсөлт
21.1.Суралцагчийн үнэлгээ нь суралцахуйн үр дүнг бататгах, бие даан суралцах үйл ажиллагаа, бүтээлч хандлагыг дэмжих, авьяас, ур чадварыг хөгжүүлж урамшуулахад чиглэнэ.
21.2.Дээд боловсролын сургалтын байгууллагын онцлогоос хамааран суралцагчийн судалгааны ажлын үр дүн, суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээр олон улсын тэмцээн, уралдаанд гаргасан амжилтыг багц цагт тооцож болно.
21.3.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн үнэлгээний үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21.4.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн суралцахуйн үр дүнг үнэлэх үйл ажиллагааг энэ хуулийн 21.3-т заасан журмаар Боловсролын ерөнхий хуулийн 17.11-д заасан байгууллага, мэргэжлийн холбоо, ажил олгогчийн төлөөлөл хамтран хэрэгжүүлнэ.
21.5.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид диплом олгох, хүчингүй болгох, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагыг төгссөн төгсөгчийн дипломыг хүлээн зөвшөөрөх, бүртгэх, баталгаажуулахтай холбогдсон харилцааг Боловсролын ерөнхий хуулийн 26.1.22-т заасан журмаар зохицуулна.
21.6.Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийг тухайн дээд боловсролын сургалтын байгууллагын дотоод журмаар зохицуулах ба докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦ