22 дугаар зүйл. Эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагаа

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагаа

22.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагаа эрхэлж, гарсан үр дүнг сургалт, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

22.2.Дээд боловсролын сургалтын байгууллага нь эдийн засаг, нийгмийн тэргүүлэх чиглэлээр болон ахисан түвшний хөтөлбөрийн холбогдох чиглэлээр бие дааж болон хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.

22.3.Дээд боловсролын сургалтын байгууллага нь оюуны өмчийг бүртгүүлэх, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах технологи дамжуулах бүтцийг бий болгож, их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжсэн тогтолцоог бүрдүүлсэн байна.

22.4.Оюуны болон технологийн нөөцийг ашиглах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор их сургууль нь өөрийн үндсэн бүтцэд эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт, судалгааны, бизнес инкубатор, технологи дамжуулах төв, гарааны компани, шинжлэх ухааны парк, технологи, инновацын кластер, туршилт үйлдвэрлэлийн болон эдгээртэй адилтгах нэгжийг бие даан, эсхүл хамтран байгуулж болно.

22.5.Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийн хүрээнд багш, суралцагчийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үнэлж, багшийн нэмэлт орлого олох, суралцагчийн сургалтын төлбөрийг хөнгөлөх эх үүсвэр болгон ашиглаж болно.

22.6.Суралцагчийг эрдэм шинжилгээний ур чадвараа хөгжүүлэх, гүнзгийрүүлэн суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх профессорын багт ажиллуулж, хамтран ажиллах боломжоор хангана.

22.7.Энэ хуулийн 22.4-т заасан нэгж нь удирдлага, санхүүгийн бие даасан үйл ажиллагаа явуулах ба холбогдох журмыг Дээд боловсролын Үндэсний зөвлөлөөс баталсан нийтлэг журам, бусад хууль тогтоомжид нийцүүлэн тухайн сургуулийн Удирдах зөвлөл батална.

22.8.Их сургууль салбар дундын судалгааны нээлттэй лаборатори болон технологийн туршилт, зүгшрүүлэлтийн нэгдсэн сүлжээг байгуулж ажиллуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.