27 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн чиг үүрэг
27.1.Удирдах зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.1.1.холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн дээд боловсролын сургалтын байгууллагыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, хөтөлбөрийг батлах, өөрчлөх;
27.1.2.дээд боловсролын сургалтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, тухайн жилийн төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;
27.1.3.аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив, тусламж авах журам тогтоох, зарцуулалтад хяналт тавих;
27.1.4.сургалтын төлбөр, оюутны үйлчилгээний зардал, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу төрөөс хараат бусаар тогтоох;
27.1.5.дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
27.1.6.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны жилийн тайлан, сургуулийн үйл ажиллагааны тайланд хийсэн дүгнэлтийг үүсгэн байгуулагчид танилцуулах;
27.1.7.нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг 5 жилийн хугацаагаар томилж, гэрээ байгуулах, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;
27.1.8.гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнг үнэлэх, гэрээ дүгнэх журмыг батлах, өөрчлөх;
27.1.9.гүйцэтгэх удирдлагын гэрээг жил бүр дүгнэж, үр дүнд үндэслэн сунгах эсэхийг шийдвэрлэх;
27.1.10.дээд боловсролын үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах.
27.2.Удирдах зөвлөл нь үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.