31 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын чиг үүрэг

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллагын чиг үүрэг

31.1.Дээд боловсролын сургалтын байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

31.1.1.дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновац, сургуулийн үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий этгээдийн баталсан бодлого, стратеги төлөвлөгөө, дүрэм, журмыг чанартай хэрэгжүүлэх, тайлагнах;

31.1.2.сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг батлан хэрэгжүүлэх;

31.1.3.сургалтын хөтөлбөр, агуулга, арга, хэлбэр, судалгаа, туршилтын ажлын зорилт, чиглэлийг тодорхойлж, чанартай хэрэгжүүлэх;

31.1.4.зөвлөх үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгаа, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, оролцох;

31.1.5.элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах;

31.1.6.тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчийг дэмжих хөтөлбөр баталж, шаардагдах орчин нөхцөлийг бүрдүүлэх;

31.1.7.багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, үйл ажиллагаандаа нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, технологийн судалгаа хийх;

31.1.8.сургуулийн үйл ажиллагаа, сургалтад цахим технологи нэвтрүүлэх;

31.1.9.гадаад, дотоодын боловсрол, шинжлэх ухааны байгууллага, шинжлэх ухааны парк, бусад этгээдтэй өөрийн эрх хэмжээний асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах;

31.1.10.багш, ажилтан, суралцагчийг соён гэгээрүүлэх, олон нийтийн болон хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр батлан хэрэгжүүлэх;

31.1.11.багш, ажилтан, суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх;

31.1.12.амжилттай суралцаж, олон нийтийн болон хүмүүнлэгийн бүтээлч ажил гүйцэтгэсэн суралцагчид тухайн сургалтын байгууллага тэтгэлэг олгох, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг сургуулийн дүрэмд тусган хэрэгжүүлэх;

31.1.13.аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан сургалт, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан суралцагчид нэрэмжит тэтгэлэг олгох, сургалтын төлбөр, амьжиргааны зардлын болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дэмжлэг үзүүлэх;

31.1.14.статистикийн болон бусад шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх.

31.2.Дээд боловсролын сургалтын байгууллага доор дурдсан хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй:

31.2.1.олон улсад өрсөлдөх чадвартай багшлах хүний нөөцийг бэлтгэх, дэмжих;

31.2.2.онцгой авьяастай суралцагчийг дэмжих, авьяасыг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх;

31.2.3.дээд боловсролын сургалтын байгууллага хооронд харилцан тохиролцсон бусад хэлбэр.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.