13 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага

13.1.Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно:

13.1.1.Засгийн газрын үнэт цаас;

13.1.2.Монголбанкны үнэт цаас;

13.1.3.Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж;

13.1.4.Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан арилжааны банк /цаашид "арилжааны банк" гэх/-нд байршуулах мөнгөн хадгаламж.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан хөрөнгө оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөлтэй байна.

13.4.Энэ хуулийн 13.1.1, 13.1.2-т заасан үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батална.

13.5.Энэ хуулийн 13.1.3-т заасан мөнгөн хадгаламжид тооцох хүүгийн хэмжээ нь Засгийн газрын үнэт цаасны хүүгийн хэмжээтэй тэнцүү байна.

13.6.Энэ хуулийн 13.1.4-т заасан мөнгөн хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 15 хувиас ихгүй байна.

13.7.Олон нийтийн хяналтын зөвлөл нь төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулалтын мэргэжлийн хороо, даатгуулагчийн төлөөлөл бүхий 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд уг зөвлөлийн дүрмийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

13.8.Арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн доод хэмжээг Монголбанкны тухайн үеийн бодлогын хүү, арилжааны банкуудын байгууллагын хугацаатай хадгаламжийн хүүгийн дундаж хэмжээ, арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хэмжээнээс тооцсон жигнэсэн дундаж хүүгээс доошгүй байхаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

13.9.Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах харилцааг зохицуулсан журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.