16 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн тайлан тэнцэл гаргах, тайлагнах
16.1.Нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын сангийн улирал, хагас жил, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараах цаглаврын дагуу боловсруулж, тайлагнана:
16.1.1.сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын сангийн улирал, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг Төсвийн тухай хуулийн 8.9.1-д заасны дагуу;
16.1.2.аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын сангийн хагас жил, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг Төсвийн тухай хуулийн 8.9.2-т, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мөн хуулийн 8.9.5-д тус тус заасны дагуу.
16.2.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нийгмийн даатгалын сангийн хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны дотор, нийгмийн даатгалын сангийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 05 дугаар сарын 25-ны дотор хянан хэлэлцэнэ.
16.3.Нийгмийн даатгалын байгууллага Төсвийн тухай хуулийн 8.9-д заасан хугацаанд нийгмийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг тогтоосон хугацаанд дээд шатны байгууллагад хүргүүлнэ.
16.4.Нийгмийн даатгалын сангийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, түүнд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, улсын төсвийн гүйцэтгэлийг баталснаас хойш 20 хоногийн дотор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
16.5.Нийгмийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан хүлээн авах, хянах, залруулга хийх, баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.