32 дугаар зүйл. Ажил олгогчийн эрх, үүрэг
32.1.Ажил олгогч дараах эрх эдэлнэ:
32.1.1.ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх;
32.1.2.илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан авах буюу дараа төлөх шимтгэлд шилжүүлэн тооцуулах;
32.1.3.нийгмийн даатгалын асуудлаар лавлагаа, тодорхойлолт, мэдээлэл, зөвлөгөө авах болон сургалтад хамрагдах;
32.1.4.эрх бүхий байгууллагын шалгалтын дүн, акттай танилцах, тайлбар авах, өгөх;
32.1.5.нийгмийн даатгалын байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлыг эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргах;
32.1.6.энэ хуулийн 32.1.5-д заасны дагуу гомдлыг хянан шалгаж гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандах;
32.1.7.хууль тогтоомжид заасан бусад эрх.
32.2.Ажил олгогч дараах үүрэг хүлээнэ:
32.2.1.хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах;
32.2.2.орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх;
32.2.3.нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, мэдээг гарган энэ хуулийн 25.1-д заасан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх;
32.2.4.энэ хуулийн 32.2.1-д заасан гэрээ байгуулсан, дуусгавар болгосон талаарх шийдвэр болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримт бичгийг тухай бүр нийгмийн даатгалын байгууллага, даатгуулагчид өгөх;
32.2.5.нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон акт, шийтгэлийн хуудас, тавьсан албан шаардлага, өгсөн мэдэгдлийг хугацаанд нь бүрэн биелүүлэх;
32.2.6.ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх;
32.2.7.нийгмийн даатгалын хууль тогтоомж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээллээр ажилтныг хангах;
32.2.8.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.