33 дугаар зүйл. Даатгуулагчийн эрх, үүрэг
33.1.Даатгуулагч дараах эрх эдэлнэ:
33.1.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах;
33.1.2.илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан авах буюу дараа төлөх шимтгэлд шилжүүлэн тооцуулах;
33.1.3.нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ажил олгогчийн болон өөрийн төлсөн шимтгэлийн хэмжээ, шимтгэл төлсөн хугацаа, нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийн талаарх мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр авах;
33.1.4.нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт болон нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийн үндэслэлийг шалгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах;
33.1.5.ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ болон энэ хуулийн 21.1-д заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлсөн эсэхэд хяналт тавих;
33.1.6.ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлэх;
33.1.7.тэтгэврийн нөөц сан дахь өөрийн мөнгөжүүлсэн орлогыг энэ хуулийн 29.5-д заасан хөрөнгө оруулалтад оруулах эсэхийг сонгох;
33.1.8.хууль тогтоомжид заасан бусад эрх.
33.2.Даатгуулагч дараах үүрэг хүлээнэ:
33.2.1.нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлс, түүнтэй адилтгах орлого тодорхойлох болон шимтгэл төлсөн хугацааг тооцох, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авахад шаардлагатай баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх;
33.2.2.ажил олгогчийн нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагааны талаар нийгмийн даатгалын байгууллага болон холбогдох байгууллагад мэдээлэх;
33.2.3.сайн дураар даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх;
33.2.4.нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийн тогтоолт, олголтод хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг барагдуулах;
33.2.5.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО