35 дугаар зүйл. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл
35.1.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/ нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогч гурван талыг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус дараах гишүүнтэй байна:
35.1.1.Засгийн газрыг төлөөлж хөдөлмөр, нийгмийн хамгааллын, санхүү, төсвийн, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн;
35.1.2.даатгуулагчийг төлөөлж даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан үйлдвэрчний эвлэлээс гурван хүн;
35.1.3.ажил олгогчийг төлөөлж ажил олгогчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагаас гурван хүн.
35.2.Энэ хуулийн 35.1.1-д заасан төлөөлөл нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын, санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд байна.
35.3.Ажил олгогч болон даатгуулагчийн төлөөллийн байгууллага нээлттэй сонгон шалгаруулах журмаар нэр дэвшигчийг сонгон Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд ирүүлнэ.
35.4.Улсын Их Хурал энэ хуулийн 35.3-т заасан нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилж, чөлөөлнө.
35.5.Үндэсний зөвлөл нь дарга, дэд дарга, гишүүнтэй байна.
35.6.Үндэсний зөвлөлийн дарга нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
35.7.Үндэсний зөвлөлийн дэд даргыг талууд зөвшилцөж, энэ хуулийн 35.1.2, 35.1.3-т заасан төлөөллөөс хоёр жилийн хугацаагаар Үндэсний зөвлөлийн дарга томилж, чөлөөлнө.
35.8.Үндэсний зөвлөлийн гишүүн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө чөлөөлөгдөх тохиолдолд дараагийн гишүүнийг энэ хуулийн 35.3-т заасны дагуу сонгон шалгаруулж, чөлөөлөгдсөн гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаагаар Улсын Их Хурлаас томилно.
35.9.Үндэсний зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
35.9.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах болон нийгмийн даатгалын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлаар санал боловсруулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;
35.9.2.нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд санал өгөх, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих;
35.9.3.нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны талаарх тайлан, мэдээллийг хэлэлцэн, дүгнэлт, шийдвэр гаргах;
35.9.4.Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо, нийгмийн даатгалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг байгууллага, судлаач, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллийг хуралдаанд оролцуулж, тайлбар, мэдээлэл авч, саналыг сонсох;
35.9.5.ажил олгогч, даатгуулагч, иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, нийгмийн даатгалын байгууллагад зөвлөмж, чиглэл өгөх;
35.9.6.нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, сангийн хөрөнгийг өсгөн арвижуулах, нийгмийн даатгалын талаарх олон нийтийн итгэл, үнэмшлийг дээшлүүлэх, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийн технологи, программ хангамж, нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулахад санал, дүгнэлт өгөх;
35.9.7.Эрүүл мэндийн магадлалын зөвлөл болон Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, боловсронгуй болгох талаар санал боловсруулах;
35.9.8.Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой болон нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу тогтоол, дүрэм, журам, аргачлал батлах, зөвлөмж гаргах;
35.9.9.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
35.10.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
35.11.Үндэсний зөвлөл гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр улирал бүр хуралдана. Шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийн олонхын саналаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
35.12.Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана.
35.13.Үндэсний зөвлөл ажлын албатай байна. Ажлын албаны даргыг томилох, чөлөөлөх асуудлыг Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, Үндэсний зөвлөлийн дарга томилж, чөлөөлнө.
35.14.Ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарна.
35.15.Үндэсний зөвлөлийн дүрэм болон энэ хуулийн 35.3-т заасан нээлттэй сонгон шалгаруулах журмыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.
35.16.Үндэсний зөвлөлийн гишүүнд ажлын оролцоог харгалзан улирал тутам урамшуулал олгох бөгөөд урамшууллын дээд хэмжээг хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо тогтооно.
35.17.Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сангийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий эрсдэлийн удирдлага, актуар тооцоолол хийх, хөрөнгө оруулалт, аудитын орон тооны бус мэргэжлийн хороог Үндэсний зөвлөлийн дэргэд ажиллуулна.
35.18.Энэ хуулийн 35.17-д заасан мэргэжлийн хорооны гишүүнийг Үндэсний зөвлөл нээлттэй сонгон шалгаруулах журмаар томилж, чөлөөлнө.
35.19.Үндэсний зөвлөлийн ажлын албаны бүтэц, ажиллах журам, энэ хуулийн 35.17-д заасан мэргэжлийн хорооны ажиллах журам, мэргэжлийн хорооны гишүүнд олгох урамшууллын хэмжээг Үндэсний зөвлөл батална.
35.20.Энэ хуулийн 35.19-д заасан урамшууллыг мэргэжлийн хорооны гишүүний ажлын үр дүнг харгалзан Үндэсний зөвлөл олгоно.
35.21.Үндэсний зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааны зардал болон энэ хуулийн 35.16, 35.19-д заасан урамшууллыг улсын төсвөөс олгоно.