37 дугаар зүйл. Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлага, эрх, чиг үүрэг

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлага, эрх, чиг үүрэг

37.1.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Үндэсний зөвлөлийн даргын болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын дээд шатны байгууллагын удирдлага доор тус тус ажиллана.

37.2.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.

37.3.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Эрүүл мэндийн магадлалын зөвлөл, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлтэй байна.

37.4.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.

37.5.Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

37.6.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажилтныг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын ажилтныг тухайн шатны нийгмийн даатгалын байгууллагын дарга тус тус томилж, чөлөөлнө.

37.7.Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл /цаашид "Магадлалын төв зөвлөл" гэх/-ийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд, Эрүүл мэндийн магадлалын зөвлөл /цаашид "аймаг, дүүргийн магадлалын зөвлөл" гэх/-ийг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрын дэргэд, Сэтгэцийн өвчний салбар зөвлөл, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлийг Магадлалын төв зөвлөлийн дэргэд тус тус ажиллуулна. Хүн амын тоо, нягтрал, байршил зэргийг харгалзан сумын нийгмийн даатгалын тасгийн дэргэд сумын эрүүл мэндийн магадлалын зөвлөл ажиллуулж болно.

37.8.Даатгуулагч, хүн, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөө, маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл /цаашид "төв зөвлөл" гэх/-ийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд, Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл /цаашид "салбар зөвлөл" гэх/-ийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын дэргэд тус тус ажиллуулна.

37.9.Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, хөдөлмөр зохицуулалт хийх, төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллуулна.

37.10.Гадаад улсад түр болон байнга оршин сууж хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг нийгмийн даатгалд хамруулж, нийгмийн баталгааг хангах, шимтгэлийн орлого бүрдүүлэх, гадаад улстай байгуулсан Монгол Улсын нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий нийгмийн даатгалын байгууллагын салбар нэгжийг тухайн улсад ажиллуулж болно.

37.11.Энэ хуулийн 37.9, 37.10-т заасан эмнэлэг, салбар нэгжийн даргыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга тус тус томилж, чөлөөлнө.

37.12.Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ажиллах дүрмийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

37.13.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

37.13.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тушаал, дүрэм, журам, заавар, аргачлал, зөвлөмж, чиглэл гаргах;

37.13.2.нийгмийн даатгалын хяналт шалгалтыг цахим хэлбэрээр болон баримт бичигт үндэслэн хийх, шаардлагатай мэдээ, судалгаа, холбогдох бусад баримт бичгийг ажил олгогч, даатгуулагч, банк, санхүү, төрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, хүнээс үнэ төлбөргүй гаргуулах, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

37.13.3.нийгмийн даатгалын доод шатны байгууллага, байцаагчийн тогтоосон шимтгэл, алданги, хүү, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

37.13.4.нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох, өөрчлөх;

37.13.5.нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит, шинжилгээ, үнэлгээ хийх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;

37.13.6.нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх зорилгоор даатгуулагч, хүний хувийн мэдээллийг ашиглах;

37.13.7.хууль тогтоомжид заасан бусад эрх.

37.14.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

37.14.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулах;

37.14.2.нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулах, аймаг, нийслэлийн төсвийн нарийвчилсан хуваарийг батлах;

37.14.3.нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг хуулиар тогтоосон хугацаанд даатгуулагч, ажил олгогчид олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

37.14.4.энэ хуулийн 29.4-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

37.14.5.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал боловсруулж, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх;

37.14.6.тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийн хэмжээг өөрчлөх, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах асуудлаар тооцоо, судалгаа хийж, санал боловсруулан Үндэсний зөвлөл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

37.14.7.доод шатны байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааны зөрчил, дутагдлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх;

37.14.8.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг ажил олгогч, даатгуулагч, олон нийтэд сурталчлан таниулах, мэдээллээр хангах;

37.14.9.ажил олгогч, даатгуулагч, хүний өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хянан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;

37.14.10.нийгмийн даатгалын байгууллагыг мэргэшсэн хүний нөөцөөр бүрдүүлэх, нийгмийн даатгалын байцаагч, ажилтныг тасралтгүй сургах, мэргэшүүлэх;

37.14.11.нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт болон хөрөнгө оруулалтын мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах;

37.14.12.Үндэсний зөвлөлийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, судалгаагаар хангах;

37.14.13.татварын албатай цахимаар мэдээлэл харилцан солилцох;

37.14.14.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

37.15.Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрмийг Засгийн газар батална.

37.16.Энэ хуулийн 37.14.13-т заасан мэдээлэл харилцан солилцох журмыг нийгмийн даатгалын болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.