38 дугаар зүйл. Нийгмийн даатгалын хяналт шалгалт, нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх, үүрэг

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Нийгмийн даатгалын хяналт шалгалт, нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх, үүрэг

38.1.Нийгмийн даатгалын хяналт шалгалтыг нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "нийгмийн даатгалын улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ.

38.2.Нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд хийх хяналт шалгалтыг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлнэ.

38.3.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч байна.

38.4.Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрхийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгож, баталгаажуулж, түдгэлзүүлж, цуцална.

38.5.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын үндсэн чиг үүргийн нэгжийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нь нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч байна.

38.6.Нийгмийн даатгалын улсын байцаагч нийгмийн даатгалын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан, ёс зүйн зөрчил гаргаагүй, мэргэшсэн, нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох шалгалтад тэнцсэн зэрэг шалгуурыг хангасан байна.

38.7.Нийгмийн даатгалын улсын байцаагч үнэмлэх, тэмдэгтэй байна.

38.8.Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрхийг олгох, баталгаажуулах, түдгэлзүүлэх, цуцлахтай холбогдсон харилцааг зохицуулсан журам, улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийн загварыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

38.9.Энэ хуулийн 38.2-т заасан хяналт шалгалт хийх журмыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

38.10.Нийгмийн даатгалын улсын байцаагч дараах эрх эдэлнэ:

38.10.1.хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг, цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах, төлөхтэй холбогдсон тайлан тэнцэл, санхүүгийн болон бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;

38.10.2.тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх зорилгоор ажил олгогч, банк, санхүү, архив, шүүх, эрүүл мэндийн болон бусад байгууллага, албан тушаалтан, хүнээс тайлбар, лавлагааг үнэ төлбөргүй гаргуулан авах;

38.10.3.нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого нуусныг гэрчлэх, нотлох баримтыг ажил олгогч, даатгуулагч, хуулийн этгээд, хүнээс түр хугацаагаар хураан авах, эсхүл хуулбарлан авах;

38.10.4.илүү олгосон тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт болон нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг тэтгэвэр авагч, даатгуулагч, ажил олгогч, хүний банкан дахь данснаас үл маргах журмаар гаргуулах;

38.10.5.өөрийн хамаарал бүхий нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид шалгалт хийхээр томилогдсон тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэж, уг шалгалтыг хийхээс татгалзах;

38.10.6.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болон холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнд энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх;

38.10.7.хууль тогтоомжид заасан бусад эрх.

38.11.Нийгмийн даатгалын улсын байцаагч дараах үүрэг хүлээнэ:

38.11.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх;

38.11.2.тэтгэвэр, тэтгэмжийн тогтоолт, олголт, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах;

38.11.3.даатгуулагч, тэтгэвэр авагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоосон байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

38.11.4.албан үүргээ гүйцэтгэх явцад ажил олгогч, даатгуулагч, хүн хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг илрүүлсэн бол холбогдох байгууллагад мэдэгдэх;

38.11.5.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.