39 дугаар зүйл. Нийгмийн даатгалын улсын байцаагчид хориглох зүйл
39.1.Нийгмийн даатгалын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
39.1.1.удирдамж, томилолтгүйгээр хяналт шалгалт хийх;
39.1.2.нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт, албан шаардлага болон бусад баримт бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг үрэгдүүлэх, хууль бусаар хэвлэн ашиглах, хүчингүй буюу хуурамч хуудас хэрэглэх;
39.1.3.нийгмийн даатгалын улсын байцаагчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажаагүй акт, бусад баримт бичгийг ажил олгогч, даатгуулагч, хүнд урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах;
39.1.4.ажил олгогч, даатгуулагч, хүн болон нийгмийн даатгалын улсын байцаагчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан акт, бусад баримт бичгийг засварлах, өөрчлөх;
39.1.5.ажил олгогч, даатгуулагч, хүнд нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт авахтай холбоотой хууль бус зөвлөгөө өгөх, нөхцөл боломж олгох;
39.1.6.нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, тэтгэвэр авагч, хүнээс гаргасан албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй өргөдөл, гомдол, мэдэгдлийг шалгаж шийдвэрлэх;
39.1.7.нийгмийн даатгалын мэдээллийн цахим сангийн мэдээллийг хууль бусаар өөрчлөх, халдах, засварлах, устгах, сэргээх, хуурамч мэдээлэл оруулах;
39.1.8.лавлагаа, эрүүл мэнд магадлалын шийдвэр, нийгмийн даатгалын болон тэтгэврийн дэвтрийг хуурамчаар, эсхүл үндэслэлгүйгээр үйлдэх;
39.1.9.улсын байцаагчийн тэмдэг, дардсыг хууль бусаар ашиглах, бусдад хэрэглүүлэх;
39.1.10.албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн, байгууллагын болон хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулах, түүнийг хувийн ашиг сонирхлын төлөө ашиглах, хяналт шалгалтын дүн, албан ёсны шийдвэр гараагүй байхад аливаа асуудлын талаар байр сууриа илэрхийлэх, мэдээ, мэдээллийг задруулах;
39.1.11.хувийн зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчтэй холбогдож, түүнд аливаа хэлбэрээр зөвлөгөө өгөх, нийгмийн даатгалын тайланг гаргах, аудит хийх, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийхэд туслах, шаардах;
39.1.12.хууль тогтоомжид заасан бусад хориглох зүйл.