42 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх зөвлөл

42.1.Энэ хуулийн 37.8-д заасан төв зөвлөл болон салбар зөвлөлийн дарга, гишүүн, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга орон тооны бус байна.

42.2.Төв зөвлөлийн нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтцэд хамаарна.

42.3.Төв зөвлөл болон салбар зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд төв зөвлөлийн бүрэлдэхүүнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогч, даатгуулагчийн төлөөлөл, салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд нийгмийн даатгалын байгууллага, нутгийн захиргааны байгууллага, ажил олгогч, даатгуулагчийн төлөөлөл байна.

42.4.Төв зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

42.5.Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нь салбар зөвлөлийн дарга байна.

42.6.Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүнийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн салбар зөвлөлийн дарга томилж, чөлөөлнө.

42.7.Төв зөвлөл болон салбар зөвлөлийн хурлыг гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хуралдуулж, хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

42.8.Төв зөвлөл болон салбар зөвлөл нь тогтоол, тэмдэглэл, зөвлөмж гаргах бөгөөд түүнийг нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талууд хэрэгжүүлэх үүрэгтэй.

42.9.Даатгуулагч, хүн, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөө, маргааныг шийдвэрлэсэн салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл төв зөвлөлд, төв зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд хандана.

42.10.Төв зөвлөл болон салбар зөвлөлийн дарга, гишүүн, салбар зөвлөлийн нарийн бичгийн даргад хуралд оролцсон цагийг харгалзан цагийн хөлс олгоно.

42.11.Энэ хуулийн 42.10-т заасан цагийн хөлсний хэмжээ, олгох журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

42.12.Төв зөвлөл болон салбар зөвлөлийн эрх, үүрэг, хурлын дэг, маргаан шийдвэрлэх үйл явц, ажлын тайлан, хариуцлага зэрэг харилцааг зохицуулсан Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрмийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.