23 дугаар зүйл. Тэтгэвэр олгох
23.1.Нийгмийн даатгалын байгууллага энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан тэтгэврийг тэтгэвэр авагчийн сонгосон арилжааны банкаар дамжуулан сар бүр олгоно.
23.2.Өндөр насалсан болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэтгэврээ өөрийн биеэр авах боломжгүй тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид, тэтгэвэр авагч иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, чадамж хязгаарлагдсан бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгож болно.
23.3.14 ба түүнээс доош насны хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-д олгоно.
23.4.Тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн сарын тэтгэврийг тэтгэвэр авагчийн гэр бүлийн гишүүнд нийгмийн даатгалын байгууллагаас олгосон мэдэгдэлд үндэслэн арилжааны банкаар дамжуулан олгоно.
23.5.Даатгуулагч энэ хуулийн 22.1-д заасан хугацаанаас хойш тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн бол тэтгэврийг тогтоож, нийгмийн даатгалын байгууллага өргөдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцож, олгоно.
23.6.Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өөрчлөх өргөдөл, холбогдох баримт бичгийг тухайн сарын 15-ны өдрөөс өмнө хүлээж авсан бол мөн сарын 01-ний өдрөөс, тухайн сарын 15-ны өдрөөс хойш хүлээж авсан бол дараа сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно.