24 дугаар зүйл. Тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэх, зогсоох, сэргээх

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэх, зогсоох, сэргээх

24.1.Тэтгэвэр олголтыг дараах үндэслэлээр түдгэлзүүлнэ:

24.1.1.хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаа нь дууссанаас хойш тэтгэвэр авагч 14 хоногийн дотор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулаагүй;

24.1.2.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн хамтарсан болон дахин магадлал, эрх бүхий байгууллагын хяналт шалгалтад хамрагдахаас зайлсхийсэн.

24.2.Тэтгэвэр олголтыг дараах үндэслэлээр доор дурдсан хугацаанаас эхлэн зогсооно:

24.2.1.хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэвэр авсан бол нийгмийн даатгалын улсын байцаагчийн актад заасан хугацаанаас;

24.2.2.тэтгэвэр авагчийг нас барсны дараагийн сарыг дууссан өдрөөс, эсхүл тэтгэвэр авагчийг сураггүй алга болсныг тогтоож, нас барснаар тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс;

24.2.3.тэтгэвэр авагч Монгол Улсын харьяатаас гарсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр болсны дараагийн сарын 01-ний өдрөөс;

24.2.4.Монгол Улсын нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Монгол Улсад байнга оршин суугаа тэтгэвэр авагч гадаадын иргэн, харьяалалгүй хүн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 33.3-т заасны дагуу оршин суух үнэмлэхээ хураалгасны дараагийн сарын 01-ний өдрөөс;

24.2.5.тэтгэвэр авагч өөр төрлийн тэтгэврийг сонгосон тохиолдолд шинээр тогтоолгосон тэтгэврийг олгож эхэлсэн өдрөөс;

24.2.6.тэтгэврийг түдгэлзүүлснээс хойш 6 сарын дотор тэтгэврээ сэргээлгээгүй бол дараагийн сарын 01-ний өдрөөс.

24.3.Түдгэлзүүлсэн, зогсоосон тэтгэврийг дараах тохиолдолд сэргээнэ:

24.3.1.энэ хуулийн 24.1.1-д заасны дагуу түдгэлзүүлсэн тэтгэврийг эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс;

24.3.2.энэ хуулийн 24.1.2-т заасны дагуу түдгэлзүүлсэн тэтгэврийг эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс;

24.3.3.тэтгэвэр тогтоолгосон нөхцөл зөв болох нь нотлогдсон бол холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдөл хүлээн авсан өдрөөс;

24.3.4.тэтгэвэр авагчийг сураггүй алга болсныг нь тогтоож, нас барснаар тооцсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс.

24.4.Энэ хуулийн 24.3.4-т заасан шүүхийн шийдвэрийг үндэслэн тэтгэвэр олголтыг сэргээсэн тохиолдолд 60-аас ихгүй сарын тэтгэврийг нөхөн олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.