11 дугаар зүйл. Тэтгэвэр, тэтгэмж авах өргөдөл гаргах, түүнийг шийдвэрлэх хугацаа
11.1.Даатгуулагч, иргэн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг бүрдүүлсэн баримт бичгийн хамт дараах хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:
11.1.1.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоолгосноос хойш 14 хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 сарын дотор;
11.1.2.тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ нас барснаас хойш 30 хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор;
11.1.3.хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах даатгуулагч эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн баталгаажуулсан үйлдвэрлэлийн ослын акт, мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолт авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор;
11.1.4.нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 6 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор.
11.2.Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчид хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох асуудлыг түүний тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг 14 хоногийн дотор, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг 24 цагийн дотор шийдвэрлэнэ.
11.3.Даатгуулагч энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.