14 дугаар зүйл. Эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр
14.1.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас дараах эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг олгоно:
14.1.1.хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон протез, ортопедийн;
14.1.2.сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний;
14.1.3.сэргээн засах төв болон сувилалд ирэх, буцах унааны.
14.2.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох протез, ортопедийн жишиг үнийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
14.3.Протез, ортопедийн зардлын төлбөрийг энэ хуулийн 14.2-т заасны дагуу баталсан жишиг үнийг баримтлан 3 жил тутамд нэг удаа олгоно.
14.4.Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу зайлшгүй шаардлагаар протез, ортопедийг гадаад улсад хийлгэсэн бол түүний зардлын төлбөрийг энэ хуулийн 14.2-т заасны дагуу баталсан протез, ортопедийн жишиг үнийг баримтлан 3 жил тутамд нэг удаа олгож болно.
14.5.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас, эсхүл нийгмийн халамжийн сангаас протез, ортопедийн зардлын төлбөрийг гаргуулсан бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зардлын төлбөрийг давхардуулан олгохгүй.
14.6.Даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас сэргээн засах төв, сувилалд эмчлүүлсэн болон ирэх, буцах унааны зардлын төлбөрийг жилд нэг удаа олгоно.
14.7.Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.
14.8.Сэргээн засах төв болон сувилалд ирэх, буцах унааны зардлын төлбөрийг галт тэрэг, хот хоорондын нийтийн тээврийн тухайн үед мөрдөж байгаа үнийг үндэслэн тооцно.
14.9.Даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.
14.10.Даатгуулагч энэ зүйлд заасан зардлын төлбөр авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон төлбөрийг олгох, санхүүжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
АЖИЛ ОЛГОГЧИД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ