15 дугаар зүйл. Ажил олгогчид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Ажил олгогчид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт

15.1.Ажил олгогчид дараах тохиолдолд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ:

15.1.1.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан тохиолдолд шимтгэлийн хөнгөлөлт;

15.1.2.үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон болон энэ хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтныг тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлт.

15.2.Энэ хуулийн 15.1.1-д заасан шимтгэлийн хөнгөлөлтийг дараах нөхцөлийг 3 жил дараалан хангасан ажил олгогчийн сүүлийн жилд төлсөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 15 хүртэлх хувиар тооцож, ажил олгогчид 3 жил тутамд нэг удаа үзүүлнэ:

15.2.1.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас төлбөр гаргуулаагүй;

15.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн;

15.2.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.5-д заасны дагуу хийлгэсэн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үр дүнд үндэслэн ажлын байран дахь эрсдэлийг арилгасан.

15.3.Ажил олгогчид үзүүлэх энэ хуулийн 15.1.1-д заасан шимтгэлийн хөнгөлөлтийг дараа жилийн төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс хасаж тооцно.

15.4.Энэ хуулийн 15.1.2-т заасан сул зогсолтын хугацааг ажил олгогчийн санал, холбогдох мэдээлэл, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.

15.5.Энэ хуулийн 15.1.2-т заасан тохирсон ажлын байраар хангагдсан ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцон ажил олгогчоос хариуцан төлөх шимтгэлийг 12 хүртэлх сарын хугацаанд чөлөөлнө.

15.6.Ажил олгогчид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлтийн нийт хэмжээ нь ажил олгогчийн тухайн жилд төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.

15.7.Ажил олгогчид хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хяналт тавих журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САН

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.