3 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчин

3.1.Даатгуулагч дараах нөхцөл байдлын үед үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно:

3.1.1.ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед;

3.1.2.ажил олгогч, эрх бүхий этгээд болон албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар ажиллаж, ажил үүрэг гүйцэтгэж байх үед;

3.1.3.ажлын цагаар ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд ажил үүргээ гүйцэтгэхээр явж байх үед;

3.1.4.ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байранд амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед;

3.1.5.ажилдаа ирэх, буцах зам, ажил үүргийн дагуу сургалтад оролцох болон Хөдөлмөрийн тухай хуулийн 93.1.1-д заасан амрах,хооллох завсарлагын үед;

3.1.6.хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах аюулт үзэгдлийн үед;

3.1.7.үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж эвдрэх, нурах, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох ослын үед;

3.1.8.олон улсын болон улсын хэмжээний спортын тэмцээнд оролцох явцад.

3.2.Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцад гэмт хэрэг үйлдсэн, эсхүл санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй.

3.3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, тогтоохтой холбогдсон харилцааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулна.

3.4.Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ШИМТГЭЛИЙН ТӨЛБӨР

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.