5 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх, тэтгэврийн хэмжээ
5.1.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
5.2.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тогтооно.
5.3.Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37.7-д заасан зөвлөл тогтооно.
5.4.Даатгуулагчийн тэтгэвэр бодох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг дараах байдлаар тодорхойлно:
5.4.1.даатгуулагч 12 сар ба түүнээс дээш хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол түүний хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 12-т хуваасан хэмжээгээр;
5.4.2.даатгуулагч 12 сараас доош хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол түүний хөдөлмөрийн чадвар алдахын өмнөх шимтгэл төлсөн нийт цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн сарын тоонд хуваасан хэмжээгээр;
5.4.3.даатгуулагч 1 сараас доош хугацаанд ажиллаж байх үед хөдөлмөрийн чадвараа алдсан бол ажилд томилсон шийдвэрээр тогтоосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээгээр.
5.5.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сараас доошгүй хугацаанд хөдөлмөр эрхэлж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход баримталсан сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлсөн сар тутамд 0.125 хувиар, 2029 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 0.167 хувиар тооцон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.