12 дугаар зүйл. Иргэний нисэхийн дүрмийн зохицуулалт
12.1.Дараах үйл ажиллагааг Конвенцын хавсралтад нийцүүлэн Иргэний нисэхийн дүрмээр зохицуулна:
12.1.1.Иргэний нисэхийн дүрмийн нэр томьёоны тайлбарыг батлах;
12.1.2.Монгол Улсад иргэний агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, агаарын хөлөг, бүтээгдэхүүн, эд ангийг гэрчилгээжүүлэх, нислэгт тэнцэх чадварын удирдамж гаргах, техникийн үйлчилгээний ерөнхий шаардлагыг тогтоох;
12.1.3.хувь хүнд мэргэжлийн үнэмлэх, зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээ олгох;
12.1.4.ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;
12.1.5.Иргэний нисэхийн дүрмийг албадан хэрэгжүүлэх, дүрмийн шаардлагаас чөлөөлөх;
12.1.6.осол, зөрчлийг мэдээлэх;
12.1.7.агаарын зайг тогтоох, ангилах болон агаарын зайн зохицуулалт хийх;
12.1.8.нислэгийн үйл ажиллагааны ерөнхий шаардлагыг тогтоох;
12.1.9.аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх;
12.1.10.хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх;
12.1.11.агаарын тээвэрлэгчийн аюулгүйн хамгаалалт;
12.1.12.агаарын хөлгөөр аюултай барааг тээвэрлэх болон зохицуулалттай агаарын ачааны байгууллагыг гэрчилгээжүүлэх;
12.1.13.том, дунд, жижиг оврын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа болон дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх;
12.1.14.нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх, агаараас ажил гүйцэтгэх болон чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх;
12.1.15.аэродром байгуулах, аэродромыг гэрчилгээжүүлэх;
12.1.16.нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх;
12.1.17.нисэхийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх;
12.1.18.агаарын хөлөг зохион бүтээх, үйлдвэрлэх, техникийн үйлчилгээ хийх байгууллагыг гэрчилгээжүүлэх;
12.1.19.шүхэр, хэт хөнгөн агаарын хөлгөөр сонирхогчийн үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх;
12.1.20.агаарын навигацийн техникийн үйлчилгээ, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, хэрэглэлийн нислэгийн журам боловсруулах, нисэхийн цаг уурын болон нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх;
12.1.21.олон улсын гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлах бусад дүрэм.