14 дугаар зүйл. Агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн бүртгэл
14.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монгол Улсад бүртгэх агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн бүртгэлийг хөтөлнө.
14.2.Хүн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа, бусад улсад бүртгэлгүй агаарын хөлгийг Иргэний нисэхийн дүрмийн дагуу Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлд бүртгүүлнэ.
14.3.Бүртгэлгүй агаарын хөлгөөр Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэхийг хориглоно.
14.4.Энэ хууль болон Иргэний нисэхийн дүрмийг зөрчсөн тохиолдолд агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгоно.
14.5.Агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ тухайн агаарын хөлгийн үндэсний харьяаллыг гэрчлэх бөгөөд агаарын хөлгийн өмчлөлийг нотлохгүй.