42 дугаар зүйл. Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага
42.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан агаарын хөлгийн осол, зөрчлийг Конвенцын 13 дугаар хавсралтын дагуу шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага гүйцэтгэнэ.
42.2.Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөг тус улсын нутаг дэвсгэрийн гадна осол, ноцтой зөрчилд өртсөн үед шинжлэн шалгах ажиллагааг олон улсын гэрээний дагуу гүйцэтгэх ба Монгол Улсын нэрийн өмнөөс агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага оролцож болно.
42.3.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага осол, зөрчилтэй холбоотой мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөл, нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тайлан гаргана.
42.4.Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгагчийг албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан аливаа этгээдийн гэм бурууг тогтоох зорилгоор захиргааны болон иргэний, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд гэрчээр оролцуулахыг хориглоно.
42.5.Энэ хуульд заасан шинжлэн шалгах ажиллагаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.1-д заасан үйл ажиллагаанд хамаарахгүй.
42.6.Шинжлэн шалгах багийг осол, зөрчил гарсан газарт ажиллахад шаардлагатай хамгаалах хувцас, хэрэгсэл, тоног төхөөрөмж, холбооны болон тээврийн хэрэгслээр хангасан байна.