12 дугаар зүйл. Улс төрийн намыг бүртгүүлэх өргөдөл
12.1.Энэ хуулийн 11.4.4-т заасан намын даргаар сонгогдсон гишүүн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нам үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.3-т заасан баримт бичгийн хамт Улсын дээд шүүхэд бичгээр хүргүүлнэ.
12.2.Намыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүхийн баталсан маягтын дагуу гаргаж, дараах мэдээллийг тусгах бөгөөд өргөдөл гаргагч гарын үсэг зурна:
12.2.1.өргөдөл гаргасан он, сар, өдөр;
12.2.2.намын нэр;
12.2.3.намын гүйцэтгэх төв байгууллагын хаяг;
12.2.4.намын үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;
12.2.5.өргөдөл гаргагчийн талаарх мэдээлэл.
12.3.Намыг бүртгүүлэх өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
12.3.1.нам үүсгэн байгуулах тухай шийдвэр, уг шийдвэрт хуралдаан даргалагч, эсхүл тэргүүлэгчид гарын үсэг зурсан байна;
12.3.2.намын бүтэн болон товчилсон нэрийн бичвэр, намын нэр, бэлгэдэл, далбааны зургийг тайлбарын хамт;
12.3.3.намын дүрэм;
12.3.4.намын хөтөлбөр;
12.3.5.намын гүйцэтгэх төв байгууллага оршин байгаа газрын хаягийн мэдээлэл;
12.3.6.намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гарын үсэг/;
12.3.7.намын дарга, намын санхүүгийн асуудал хариуцсан ажилтны бүртгэл /ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гарын үсэг, иргэний үнэмлэхийн хуулбар/;
12.3.8.намын хөрөнгийн жагсаалт, намд өгсөн хандивын жагсаалт, намыг үүсгэн байгуулахтай холбогдон гарсан зардлын эх үүсвэр зэргийг тусгасан намын хөрөнгийн мэдээлэл;
12.3.9.нам үүсгэн байгуулах хурлын тов, байршлыг энэ хуулийн 11.2-т заасны дагуу мэдэгдэж, зарласан тухай баримт;
12.3.10.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл.
12.4.Энэ хуулийн 12.3.8-д заасан намын хөрөнгийн мэдээлэлд намыг бүртгүүлэх өргөдөл гаргахаас өмнө тухайн намын аль нэг үүсгэн байгуулагчийн нэр дээр банкны түр данс нээж намын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, гишүүний татвар, хандив, намыг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг тусгаж тайлагнана.
12.5.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 12.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор намыг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.3-т заасан баримт бичгийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлж болно.
12.6.Энэ хуулийн 12.3.6, 12.3.7, 12.3.8-д заасан мэдээллийн маягтыг Улсын дээд шүүх батална.